Алдарт “Уимблдон”-ы талбайд зуны ХХХ олимпийн теннисний тэмцээн ид үргэлжилж байна. “Их дуулга”-д өрнөдөгтэй ижил халуухан тулаанууд болж, эх орноо төлөөлөн ирсэн өнөө цагийн шигшигдмэл одод цугларчээ. Мэдээж тэдний дунд олимпийн аварга, мөнгө, хүрэл медальтан, “Ролан Гаррос”, “Австралийн нээлттэй тэмцээн”, “US Open” болон дээр өгүүлсэнчлэн “Уимблдон”-д дархан цолоо мандуулсан тоглогчид олон бөгөөд нэг дороос харах боломж тэнд л бүрджээ. Хүний хүсэлд хязгаар үгүй.
Олимпийн хошой аварга, агуу Серена алтан медалиа нэмэхээр будант Альбионд ирж, өрсөлдөгчдөө угсруулан ялсаар “ах нар”-ын итгэл хүлээлгэсэн Вера Звонареваг ч гуравдугаар тойрогт 6:1, 6:0-ээр хожин, үзэгчдийн суудалд шилжүүллээ. “Сидней- 2000”, “Бээжин-2008”-д эгч Винусийнхээ хамт хос тоглолтод алтан медаль зүүсэн тэрбээр ганцаарчилсан төрөлд аваргалах хүсэлдээ хөтлөгдөж яваа нь мэдээж.
Дэлхийн чансааг манлайлж үзсэн, “Их дуулга”-ын бүх цувралд түрүүлсэн атлаа энгэрээ чимэх олимпийн медалиар дутаж яваа нэгэн бол Мария Шарапова. Бэртлийн улмаас Бээжингийн олимпийг өнжсөн тэрбээр “Лондон-2012”-ын нээлтэд улсынхаа тугийг мандуулж явахдаа дутуугаа гүйцээнэ хэмээсэн нь эргэлзээгүй. Тиймдээ ч нэг, хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөдөө “хичээл заачихсан”. Британийн теннисчид бодсоноос ч сул байгааг хоёрдугаар тойрогт өрнөсөн Лора Робсон, Мария Шарапова нарын тоглолт гэрчилнэ. Жилийн өмнөх “Уимблдон”-д тэд мөн л таарч, орос бүсгүй хожиж, эзэн орны тоглогчийг тэмцээний талбараас буцаасан түүх олимпод ч давтагдлаа. Гэхдээ чадлаараа тоглосон Робсоныг гоочилж болохгүй. Тэрбээр хүчтэй довтолгоо гоор өрсөлдөгчөө няцаахыг хүссэн ч Мария үүнд нь барьц алдсангүй. Эхний үед британи бүсгүй Шараповагийн гаргасан хоёр ч том алдааг ашигласан боловч энэ байдал удаан үргэл жил сэнгүй. Хоёрдугаар үед нэгэнт ядарчихсан Лора дэлхийн тэргүүн тоглогчийн эсрэг юу ч хийж чадаагүй билээ.
Шараповагийн удаах учраа болох Германы Сабин Лисицки хатуу самруудын нэг байв. Тиймээс тоглолт өмнөхөөс ч халуухан өрнөнө гэдгийг Шарапова тооцоолсон нь мэдээж. Гэвч олдсон боломжоо алдахгүйг хичээсэн орос бүсгүй санаачилгыг гартаа авч, 6:7, 6:4, 6:3-аар өрсөлдөгчөө хожсон бөгөөд дараагийн даваанд Бельгийн Ким Клийстерстэй таарчээ. Дэлхийн экс “number one” тоглогч Клийстерст мөн л олимпийн медаль дутуу тул хүч тэнцүүгийн гайхамшгийг энэ тулаан харуулна. Харин хойд хөршийн эрчүүд бүсгүйчүүд шигээ гялалзсан тоглолт гаргаж чадаагүй нь харамсалтай. Дмитрий Турсунов, Алекс Богомолов нар нь нэгдүгээр тойрогт ялагдсан Южныйгийн жишгийг дагасан бөгөөд хос тоглолтод Давыденко Южный нар АНУ-ын ах дүүс Брайанд дийлджээ. Харин олимпод оролцогчдоос хамгийн баян теннисчнээр шалгарсан Швей царийн Рожер Федерер өрсөлдөгчдөө ядах зүйлгүй дийлсээр... Түүний тооцоолж буйгаар хамгийн хүчтэй учраа нь хэтдээ таарах Сербийн Новак Жокович. Хоёрдугаар тойрогт АНУын Энди Роддикийг ялсан Новак Жокович дараагийн даваанд Австралийн Ллейтон Хьюиттэй тоглох билээ.
ОЛИМПИЙН ХАМГИЙН ОЛОН МЕДАЛЬТАЙ НЬ...
АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс олимпийн медалийн тоогоор олон жил тэргүүлсэн ЗХУ-ын гимнастикч Лариса Латы нинагийн дээд амжилтыг (18 медаль) эвдлээ. Хэдийгээр тэр Лондоноос алтан медаль бөөндөх төлөвлөгөөгөө хэрэгж үүлж чадахгүй буй ч 4х200 м-ийн буухиад багийнхныхаа хамт шагналын тавцангийн тэргүүнд зогссон юм. Ийнхүү 4х100 м-т Францад булаалгасан аваргын титмээ дээрх зайд тэд буцаан авлаа. Энэ нь түүний 15 дахь алт бөгөөд “Лондон- 2012”-ын хошой мөнгийг нэмбэл нийтдээ 19 медаль өөрийн болгожээ. Тэгвэл 200 м-ийн чөлөөт сэлэлтэд эмэгтэйчүүдээс Фелп сийн нутаг нэгт Эллисон Шмитт болон 200 м-ийн холмиог сэлэлтэд Нанхиадын өнөөх 16 настай охин Е Шивень нар олимпийн дээд амжилт тус тус эвджээ.
Дашрамд дурдахад энэ нь БНХАУ-ын сэлэгчдийн гурав дахь титэм бөгөөд Бээжингийн олимпод тэд үүнээс хоёроор дутуу алт хүртсэн түүхтэй. Өчигдөр өндөрлөсөн эрэгтэйчүүдийн 200 м-ийн өврөөр даллах сэлэл тэд Унгарын Даниэл Жюр та дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ.
200 м-ийн чөлөөт сэлэлт
Эрэгтэй:
1.Янник Агнел (Франц) 1.43,14
2.Пак Тайвэнь (БНСУ) 1.44,93
3.Сунь Ян (БНХАУ) 1.44,93
Эмэгтэй:
1.Эллисон Шмитт (АНУ) 1.53,61 олимпийн рекорд
2.Кэмилл Муффат (Франц) 1.55,58
3.Бронте Баррат (Австрали) 1.55,81
100 м-ийн араар даллах сэлэлт
Эмэгтэй:
1.Мисси Франклин (АНУ) 58,33
2 . Э м и л и Сийбом (Австрали) 58,68
3.Аяа Терекава (Япон) 58,83
Эрэгтэй:
1.Мэттью Греверс (АНУ) 52,16
2. Ник Томан (АНУ) 52,92
3.Рёсүки Ирие (Япон) 52,97
100 м-ийн өврөөр даллах сэлэлт
Эмэгтэй:
1.Рута Мелютите (Литва) 1.05,47
2.Сони Ребекка (АНУ) 1.05,55
3.Сатоми Сүзүки (Япон) 1.06,46
Чөлөөт сэлэлт, 4х200 м-ийн буухиа
Эрэгтэй:
1.АНУ 6.59,70
2.Франц 7.02,77
3.БНХАУ 7.06,30
200 м-ийн эрвээхэй сэлэлт
Эрэгтэй:
1.Чад Ли Клос (ӨАБНУ) 1.52,96
2.Майкл Фелпс (АНУ) 1.53,01
3.Такэши Мацүда (Япон) 1.53,21
200 м-ийн холимог сэлэлт
Эмэгтэй:
1.Е Шивень (БНХАУ) 2.07,57 олимпийн рекорд
2.Алисия Коуц (Австрали) 2.08,15
3.Кэйтлин Леверенц (АНУ) 2.08,95
ГҮНДЭГЭЭГИЙН ҮНДСЭН ДАСГАЛД “БИТҮҮ МОРЬ” ЦОЙЛЛОО
Спорт гар бууны 25 м-т О.Гүндэгмаа 27 дугаар байр эзэлснийг өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүний дархан төрөлд хэний ч таамаглалд өртөөгүй 19 настай “Гуулин улс”-ын мэргэн буудагч Ким Жан Ми түрүүлсэн юм. Түрүүлэх түрүүлэхдээ тэр олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Шилдэг наймын буудлагад манлайлагчийн байр өөрчлөгдөх нь бий. Харин солонгос охин тун тайван, маш хашир буудсаар 792,4 оноогоор аваргын титмийг анх удаа хүртсэн бол Бээжингийн олимпийн аварга Чень И (791,4), Украины Олена Костевич (788,6) нар удаалжээ.
УЧИМУРА АВАРГЫН ЗАНГАРГАА ХАРУУЛАВ
Аваргын зангараг гэж юу болохыг Наран улсын гимнастикч Кохэй Учимура жинхэнэ утгаар нь харуулав. Нутгийнхаа дэвжээнд болсон өнгөрсөн жилийн ДАШТ-д үнэмлэхүй аваргаар тодроход Японы тэнгэр ивээсэнтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй байсан. Харин аварга аваргаараа үлддэгийг тэр Лондонд харуулж, олон төрөлтийн нийлбэрээр өрсөлдөгчдөө манлайлж чадсан юм. Дөрвөн жилийн тэртээх наадамд мөнгөн медальтай эвлэрсэн түүнийг энэ удаа мохоох хүн байсангүй. Харайлт, суга савлуур, чөлөөт хөдөлгөөн, модон морь, цагаригт дасгалаа цэвэр гүйцэтгэж, хөл дээрээ бат бууж байлаа, япон залуу.
Харин нэгэн цагт гарамгай гимнастикчдаараа дэлхийд ноёрхож явсан оросууд өрсөлдөгчдөө хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Дэвид Белявский нь л тавдугаар байр эзэлжээ. Харин олон төрөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээний аварга өнөөдөр тодорно. Оросын гимнастикийн сэргэн мандалтыг энэ тулаан харуулах нь. Орос “угшилтай” ч, Америкт суурьшсан Настя Люкин, дэлхийн аварга Вибер, Сингапурын олимпоос төрсөн хойд хөршийн залуу од Виктория Комова, Бээжинд зорилгоо биелүүлж чадаагүй Ксения Афанасьева нарын хэн нь шилдгийг, бас одтойг харах л үлдлээ.
Б.ӨЛЗИЙТОГТОХ