Бөмбөрцгийн бүх хүний анхаарлыг өөрийн эрхгүй соронздож буй зуны олимпийн ХХХ наадам туулах замынхаа гуравны нэгийг ардаа орхилоо. Одоогийн байдлаар 91 багц медалийн эзэд тодорсноос БНХАУ, АНУ-ын баг тамирчид тус бүр 18 алтан медальтай өнгөлж явна.
Аргентиний Ерөнхийлөгч нээлтийн ажиллагааг бойкотлосон, агуу Майкл Фелпс олимпийн 16 дахь алтаа зүүсэн, Их Британийн хатан хаан II Элизабетагийн ач охин морин спортын төрөлд медаль хүртсэн, дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлж буй Испанийн шигшээ хэсгээсээ шалгарч чадаагүй, жүдо дахь оросуудын давамгайлал, япончуудын “нуралт”.
Лондон 2012-ыг чимэглэх үйл явдлууд дэндүү олон. Будант Альбионд 29 тамирчнаа үдэн мордуулсан манайхны хувьд наадмын эхний хоёр өдөр барзгардуухан өнгөрсөн ч жүдо бөхийн 73 кг-ын жинд зодоглосон ОУХМ Сайн жаргалын Ням-Очир хүрэл медаль хүртэж, ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ. Түүний амжилт булган сүүлтэй байж Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр -100 кг-ын жинд алтын дайтай мөнгөн медаль хүртлээ. Тайланд, Франц, Узбекис таны бөхчүүдийг дараалан цэвэр орхисоор мөнгөн медалийн төлөө БНСУ-ын бөх, 2003 оны дэлхийн аварга Хван Хэ Таетай барилдаж байхдаа өвдөгний архаг гэмтэл нь сэдэрсэн ч үргэлжлүүлэн барилдсаар ялж, олимпийн наадмаас хошой медаль авсан анхны монгол тамирчин болсон билээ. Түвшээ маань хөл дээрээ гишгэж чадахааргүй хүнд гэмтэлтэй байсан ч монгол хүний зориг, тэвчээрийг харуулан шигшээ барилдааны татами дээр гарсан нь бахархалтай. Бокс, чөлөөтийнхөн жүдочдынхоо медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт дээлийн тань захыг мушгиж суугаа монгол зон чинь итгэж байгаа шүү.
Р.МАНЛАЙ