Сүүлийн гурван олимпод оролцож чадаагүй байтынхан энэ спортоо хөгжүүлэх тал дээр олон дорвитой ажил хийсний үр дүнд Лондонд хоёр тамирчин эрхээ аван онч сорьсон билээ. Гэхдээ эрх авсан тамирчид маань зүгээр нэг бэлгэдлийн төдий оролцоод өнгөрсөнгүй, тун өндөр амжилт гаргаж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд харвасан ОУХМ Б.Урантунгалаг урьдчилсан харваанд 652 оноогоор 18 дугаар байрт жагссан бөгөөд хасагдах шатанд Их Британийн А.Уильямсон, Америкийн Ж.Николс нарыг дараалан ялж, шилдэг 16-д үлдсэн. Улмаар энэ даваанд Солонгосын шилдэг тамирчин, олимпийн аварга Ли Сүн-Жинтэй тун ойролцоо харваж хожигдсон юм. Ингээд уншигчдадаа Б.Урантунгалагтай хийсэн ярилцлагаа толилуулъя.
-Урьдчилсан харваанд төлөвлөсөн оноогоо авч чадсан уу?
-Яг санаандаа хүртэл харваж чадсангүй. Эхний ээлжиндээ 333 оносон. Дараагийн ээлжинд үүнээс илүү оновол өөрийнхөө тогтоосон улсын рекордыг эвдэх боломжтой байсан. Түүнээс болсон юм уу хэтэрхий их хичээгээд санасан оноогоо авч чадаагүй. Тийм болохоор жаахан сэтгэл дундуур үлдсэн. Наймд явж байгаад доошилж 18-д орсон юм. Би өмнө нь 330, 331 онож, улсын рекорд эвдэж байсан.
-Гэхдээ хасагдах шатанд амжилттай харвасан шүү...
-Хасагдах харваанд Английн тамирчинтай таарсан. Би энэ тамирчинтай өмнө нь харваж байгаагүй. Анх намайг 1998 онд ДАШТ-д орж байхад тэр тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Ер нь сайн тамирчин гэдгийг нь мэднэ. Тухайн үед ялна, ялагдана гэж элдэв юм бодолгүй зүгээр сайхан харвасан. Энд оролцож байгаа 64 тамирчин бүгдээрээ Дэлхийн цом, ДАШТ-д оролцдог, өндөр зэрэглэлийн тамирчид. Тиймээс хэн нь ч хэнийгээ хожих боломжтой. Тэгээд англи тамирчныг 7:3-аар ялсан. Дараа нь Америкийн тамирчинтай харвасан. Өмнө нь Тайванийн Дэлхийн цом дээр тэр тамирчинтай таарч би ялсан юм. Оноо тэнцээд сүүлийн харваанд би арав, тэр ес онож байв. Өмнө нь нэг ялсан юм болохоор хожно гэсэн итгэлтэй харвасан. Дөрөв, дөрөв болон тэнцсэний дараа сүүлийн сумаараа арав буудаад хожсон доо.
-Шилдэг 16-гийн харваагаа Солонгосын тамирчны эсрэг хийлээ. Хожих боломж байсан уу?
-Надтай харвасан тамирчин бол 2004 оны олимпоос багаар алт, хувиар мөнгөн медаль авсан сайн тамирчин. Бас Азийн наадмын аварга хүн. Дотроо бол айж бэргээгүй, адилхан л харвана гэж бодсон. Гэхдээ дараа нь бодож байхад өөрийгөө голох сэтгэл байсан болохоор сайн харваж чадаагүй юм болов уу гэж санагдсан. Би найм дээр нэлээн хэд оносон нь ялагдалд хүргэлээ. Гэхдээ энэ олимпоос маш их урам авсан. Дараагийн олимпод үзэх бодолтой. Олимпоос гадна бусад тэмцээнд ч гэсэн Солонгосын тамирчдаас айж бэргээд байх шаардлага алга, адилхан л өрсөлдөнө гэж бодоод байгаа.
-Монголд ТОП дөрөв гэж олимпоос медаль авдаг төрөл бий. Тэгвэл байтынхан тав дахь төрөл болон орж ирж, том тэмцээнээс медаль авах хэмжээнд ойртож байна гэсэн бодол төрлөө.
-Спортын хөгжил хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой. Өмнө нь бид хэрэглэл материал муутай, хөрөнгө мөнгөгүй байсан. Харин сүүлийн хоёр, гурван жил “Хангарьд” спорт клуб бидэнтэй хамтарч ажилласан. Тэр үеэс хойш хэрэглэл материал, тэмцээний зардал дээр санаа зовохооргүй болсон. Тэгж явсны хүчинд манай спорт дээшээ гарч ирж чадлаа.
-Энэ эрчээ алдалгүй урагшлаад байвал дөрвөн жилийн дараа медалийн төлөө өрсөлдөх боломж байгаа юу?
-Яг энэ эрчээрээ явбал олимпод нэг, хоёр хүн биш, бүтэн багаараа орох бүрэн бололцоотой. Бүтэн багаараа орсноор медаль зүүх боломж илүү нэмэгдэнэ гэсэн үг.
-Одоо олимпийн эрх авах хэмжээнд бэлтгэгдэж байгаа тамирчин хэр олон байна вэ?
-“Хангарьд” спорт клуб дээр эрэгтэй, эмэгтэй бүтэн баг хичээллэж байна. Үүнээс гадна олон клуб үйл ажиллагаагаа явуулж байгаа. Залуучууд маш сайн харваж байна. Хичээллэх хүүхдийн тоо их байна гэдэг сайны шинж.
-Лондоны олимпоос ямар бодол тээж үлдэв?
-Өөртөө итгэлтэй байж, өөрөөрөө бахархах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Би арай болоогүй гэж чамлаад байвал амжилт гаргах хэцүү. Хийж чадна гэж зориод, өөрийгөө хурцлах хэрэгтэй гэдгийг л ойлгож авсан.
-Манайхан нум, хэрэглэл материалын тал дээр олон улсын стандарт түвшинд хүрч чадаж байна уу?
-Бид хэдэн жилийн өмнө хэрэглэл, материалаар үнэхээр хоцорч байсан. Харин одоо бол тийм юм байхгүй. Бид дэлхийн шилдэг тамирчдын хэрэглэдэг нум, сумыг барьж байгаа.
-Байтын спортод сүүлийн үед хаанахын тамирчид давамгайлах хандлагатай байна?
-Өмнө нь Солонгосын тамирчид энэ спортод ноёлж байлаа. Одоо энэ давамгайлал үгүй болсон. Энэ олимпод 40 орны тамирчид эрх авч ороход 11 нь солонгос дасгалжуулагчтай байсан. Тийм болохоор бусад орны тамирчид илт сайжирсан.
-Манайхан Солонгосоос дасгалжуулагч урих уу?
-Манай холбооны бодлого болохоор би хэлж мэдэхгүй байна. Солонгос дасгалжуулагч авчирч магадгүй л юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан