Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Мартин Дахинденийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Монголд парламентын сонгууль болж, шинэ УИХ-ын бүтцийг бүрдүүлэхэд улстөрчид анхаарч байгааг дурдаад наймдугаар сардаа багтаад Засгийн газраа байгуулна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Мөн “НИТХ-ын сонгууль хамт болж, өнгөрсөн 22 жилд анх удаа АН дийлэнх суудлыг нь аваад байгааг дуулгав. Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж эхэлсэн шууд ардчиллын төслийг иргэд, олон нийт таатай хүлээн авч идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Учир нь Монгол Улсын сонгосон ардчиллыг бэхжүүлэх, орон нутгийн засаглалыг сайжруулах, бизнесийн орчныг бүрдүүлэхэд нийцэж буй төсөл юм. Монгол Улс Төсвийн тухай шинэ хуультай болсон. Энэ хууль төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих шинэтгэлийн бодлогын хүрээнд боловсруулагдсан болохоор төслийг хэрэгжүүлэх нэг таатай нөхцөл бүрдүүлж байгаа. Түүнчлэн НИТХ хороо бүрийг төсөв мөн гө, хөгжлийн сантай болгож, иргэд шийдвэр гар ган зарцуулдаг, төсвөө өөрсдөө хэрэгжүүлдэг тогтолцоонд орохоор шинэчлэл хийх зорилт тавьж буй юм байна. Үүнийг зөв сайн эхлэл гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар ч иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр тодорхой ажил хийж байгаа” гэж хэллээ.
Ноён Мартин Дахинден Монголд анх удаа ирж, хөдөө орон нутгаар явж, бас нийслэлийн дүүргээр орж байдалтай танилцаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр энэ төслөөс олон нийт тодорхой үр шим хүртэж, орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулахад ахиц гарна гэж бодож байна гэв. Мөн төсөл хөтөлбөрөө өргөжүүлэн цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Швейцарьт айлчлах үеэрээ тус агентлагт зочилж, ноён Мартин Дахиндентэй уулзаж, иргэдийн оролцооны талаар өөрийн орны туршлага, ололтоосоо монголчуудтай хуваалцаж, хамтран төсөл хэрэгжүүлэхэд анхаарахыг хүссэн юм. Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч тус агентлаг төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоог дэмжих зургаан сая еврогийн гурван жилийн хугацаатай төслийг манай улсад өнгөрөгч долоодугаар сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
С.ТУУЛ