УИХ-ын хамгийн “отгон” гишүүд нь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс сонгогдож, дөнгөж энэ лхагва гаригт тангаргаа өргөсөн Ц.Цолмон, О.Баасанхүү нар болж байна. Тэд тангаргаа өргөж, төрийн сүлднээс адис авч хүндэтгэл үзүүлсний дараа УИХ-ын гишүүний энгэрийн тэмдгээ гардсан юм.
Эвслийн УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг Ц.Цолмонд, гишүүн Ч.Улаан О.Баасанхүүд очир тэмдгийг нь зүүж өгөв. Үүний дараа тэднийг УИХ-ын гишүүн болсонд тооцох тухай тогтоол батлах ээлж ирэв. Анх удаа санал хураалтад оролцох гэж буй хоёр ч сандарч “Бид хоёр санал өгөх юм уу” хэмээн бусдаасаа асуусаар товчлуур дарсан юм. Самбар дээр санал хураалтын дүн гарахад гишүүд нирхийтэл инээлдэв. Учир нь Ц.Цолмон гишүүн товчлуур дарахдаа будилж, ганцаархнаа өөрийнхөө эсрэг санал өгсөн байлаа.
С.УУЛ