Лондоны олимпоос 25 аваргатай болж, багийн дүнгээр эхний гуравт орох төлөвлөгөөтэй Оросын багт анхны алтан медалийг авчирсан тамирчин бол жүдогийн 60 кг-д зодоглосон Арсен Галстян билээ. Түүний ярилцлагыг орчуулан хүргэе.
-Арсен, та шигшээ барилдаанд Японы бөхийг тун богинохон хугацаанд цэвэр савав аа?
-Тэр мэхийг урьдаас бэлдсэн гэж худлаа яриад яахав. Хираока намайг хурдан ялах гэж хэт шунаж дайрсныг нь ашиглах боломж гарсан юм.
-Тэгвэл дэлхийн чансааг тэрг үүлэгч Узбекистаны Собировын эсрэг хийсэн барилдаанаа дурсаач. Миний ажигласнаар та нэлээд бэргэж байх шиг байсан...
-Үгүй дээ, би хэнээс ч айдаггүй. Гэхдээ ямар ч өрсөлдөгчөөс болгоомжлох ёстой шүү дээ. Энэ бол спортын бичигдээгүй хууль.
-Гэхдээ бодит байдал дээр чантуу жүдоч илүү санаачлагатай байсан шүү дээ?
-Би илүү хүчтэй байсан учраас түүнийг ялсныг бүгд харлаа. Энэ хангалтгүй байна гэж үү.
-Өнөөдөр онцгой өдөр болно гэсэн шинж тэмдэг өглөө мэдрэгдсэн үү?
-Ний нуугүй хэлэхэд, би олимпийн аварга болно гэдгээ бүр багаасаа мэддэг байсан.
-Хираокатай урьд нь барилдаж байсан уу?
-Саявтархан “Мастерс”-т хожсон. Тийм учраас шигшээ барилдаанд ялна гэдэгтээ итгэлтэй байлаа.
-Тамирчин хүний амжилтын дээд оргил нь олимпийн наадамд түрүүлэх. Одоо ямар тэмцээнд аваргалахыг хүсэж байна вэ?
-2016 оны Рио де Жанейрогийн олимпод дахин түрүүлмээр байна.
-Оросуудын хамгийн хайртай армен хүн Михаил Галустян байсан бол одоо таны ээлж ирлээ. Энэ их нэр хүндийг дааж явах хэцүү гэж бодогдохгүй байна уу?
-Би юунд ч бэлэн байна.
-Галустяныг таних уу?
-Үгүй ээ, зурагтаар л харж байсан.
-Олимпийн тосгонд хаанахын хэн гэгч алдартантай уулзахыг хүсэж байна вэ?
-Сагс сонирхдог болохоор NBA-гийн супер ододтой уулзахыг илүүд үзнэ. Саяхан хоолны газар Коби Брайанттай тааралдаж, зургаа авахуулж амжсан шүү.
-Үлдсэн хугацаанд юу хийж амрах вэ. Лондон хоттой танилцаж, дэлгүүр хэсэх үү?
-Хэдийгээр миний барилдаан дууссан ч өдөр болгон “Excel” ордонд ирж, тэмцээн үзэхээр төлөвлөж буй. Мөн багийн нөхдийнхөө бэлтгэлийг хангалцах үүрэгтэй. Тэгэхээр аялж, зугаалах цаг гарахгүй л болов уу.
-Оросын шигшээ багийг дасгалжуулж буй Энцио Гамбагийн талаар юу хэлэх вэ?
-Гамба ирснээр манай жүдочдын түвшин нэг шат ахисан.
-Ихэнх тамирчид олимпийн дараа янз бүрийн урилга заллагад дарагддаг...
-Миний хувьд Рио де Жанейрогийн олимпод дахин түрүүлэхийг хүсэж байгаа учраас тэмцээний маргаашнаас л бэлтгэлдээ орно.
-Таныг олимпод түрүүлнэ гэж хэн нэгэн хэлж байсан уу?
-Хэн ч биш, би өөртөө л хэлж байсан. Тодруулж хэлбэл есөн настайдаа.
-Хэзээ нэгэн цагт жүдог орхих талаар бодож байсан уу?
-Залуучуудын ангиллаас томчуудынх руу шилжсэн эхний нэг жил миний хувьд тун хэцүү байсан. Бүр хэд хэдэн удаа кимоногоо чулуудаж “Одоо боллоо, хангалттай” гэж өөртөө хэлсэн удаатай. Гэвч нэг л мэдэхэд тэр хэцүү цаг ард хоцорсон байсан.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Би ганц бие. Эцэг эхээс болон ах, дүүгийнхээ хамт амьдардаг. Отгон дүү маань бас жүдогоор хичээллэж спортын мастер болсон.
Р.МАНЛАЙ