МАХН-ынхан “хүүхэд” зан гаргаж эхлэв. Шүүх тус намын дарга Н.Энхбаярт хийсэн хэргийнх нь төлөө дөрвөн жилийн ял оноосны “хариуд” тэд Монголын Төрөөр тоглохоор шийдсэн бололтой. Тэд дотроо хамтарсан Засгийн газарт орохдоо АН-ынхантай ямар зарчмаар хамтарч ажиллахаа тодорхойлсон тогтоол өмнө нь гаргасан байснаа өнгөрсөн баасан гаригт илчлэв.
Хамтарсан Засгийн газарт орох хэлэлцээ хийж байх явцад, эсвэл хамтраад ажиллаж байхад нь улс төрийн хэлмэгдүүлэлт гарвал “хаалга савах” хүртэл арга хэмжээ авна хэмээн уг тогтоолд заасан юм байна.
Н.Энхбаярт шүүх ял оноосныг тэд улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж буй тул хамтарсан Засгийн газарт орох эсэхээ дахин ярилцахаар болсноо өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн. Ингэхдээ эвслийн нэрийн өмнөөс ярихаа мартсангүй. Уг нь “Шударга ёс” эвслийг МАХН, МҮАН гэдэг хоёр нам бүрдүүлж буй.
АРД ТҮМЭН ЧУХАЛ УУ, Н.ЭНХБАЯР ИЛҮҮ ЮҮ
Н.Энхбаярын шүүх хурал эхэлмэгц л тус эвслийн УИХ дахь бүлэг дотор “Хэрэв түүнд ял оноовол Засгийн газраас гарна” гэсэн яриа өрнөжээ. Ийм аргаар АН-ыг “айлгана” гэж үзсэн үү гэлтэй. МАХНын гишүүд баасан гаригт мэдээлэл хийхдээ “Удирдах зөвлөлөөр Засгийн газарт орох эсэхээ эцэслэн хэлэлцэнэ” хэмээн мэдэгдсэн юм. Улс төрийн чухал асуудлаар мэдэгдэл хийхдээ тэд эвслийг бүрдүүлж буй МҮАН-тайгаа ч ярьсангүй. Нийт сонгогчийн 10 гаруй хувь нь улс оронд өөрчлөлт, шинэчлэл хийнэ хэмээн итгэж, “Шударга ёс” эвслийг сонгосон. Тиймээс тэд амласан ажлаа хийж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх үүрэгтэй. Гэтэл 10 гаруй хувийнхны сонголтыг үл тоон, намын дарга Н.Энхбаяраас болж Төрөөр тоглох яриа гаргав.
Засгийн газар бол тэдний дуртай үед орж, хэн нэг хүнээс болж дуртай цагтаа орхин гардаг тоглоомын байгууллага биш. Хэдийгээр өөрсдөөс нь асуугаагүй ч МҮАН-ын Удирдах зөвлөлөөс баасан гаригт мэдэгдэл гаргаж, уг асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Давж заалдах шатны шүүх хурал гэж бий учраас энэ бүхнийг эцсийнх гэж үзэхгүй байгаагаа тэд илэрхийлээд “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” гэжээ. Нэг үгээр бол эвсэл доторх хоёр намын байр суурь зөрөв.
МҮАН-ын гишүүн Ц.Цолмонгоос энэ талаар байр суурийг нь асуухад “Бид хувь хүнтэй биш, АН-тай гэрээ хийсэн. Бас олон ажил хийх амлалт өгч, ард түмний саналыг аван сонгогдсон. Тиймээс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хэлэлцээ үргэлжилнэ гэж би хувьдаа үзэж байна. Эвслээр энэ асуудлыг хамтарч яриагүй байгаа, хэлэлцэнэ байх” гэлээ. МҮАН-ынхан үүргээ ухамсарлаж, МАХН юуны тулд УИХ-д орж ирсэн үнэн төрхөө харуулсан нь энэ.
АН АЖЛАА ШУУРХАЙЛНА
“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч хоёр нам хоорондоо ийнхүү зөрчилдөж байх зуур “Хамтарсан Засгийн газраас гарна” гэсэн “сүрдүүлэг” хүлээн авсан АН-ынхан тайван суухгүй нь мэдээж. Тэд Засгийн газрыг байгуулах ажлаа шуурхайлахаар шамдаж байна. Тус на мын дарга Ерөнхий сайдад бичиг илгээж, орны хүнийг нь нэр дэвшүүлэх асуудлаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид энэ долоо хоногт саналаа илгээхээ мэдэгдсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд байх хэрэгтэй тул Лондонд хийх айлчлалаа хойшлуулахыг хүссэн юм. Ерөнхий сайд ч мөн өдөр нь Ерөнхийлөгчтэй уулзаад айлчлалаа хойшлуулахаар болжээ. МАХН-ын Удирдах зөвлөл ард түмний итгэлийг ганц хүнээр солих гэнэн алхам арай ч хийхгүй хэмээн найдъя. Эс бөгөөс энэ улс төрийн хүчин богино хугацаанд сэргэсэн шигээ унтарна. Тиймээс тэд асуудалд нухацтай хандаж, энэ долоо хоногт шуурхайлах Засаг байгуулах ажилдаа санаа тавина гэж олон нийт хүлээж байна.
С.ТУУЛ