Хятадуудын хатуу дэглэм
Усанд үсрэлтийн төрөлд ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн урд хөршийн тамирчин Ву Минься “Лондон 2012”-ын аваргын титмийг гурав дахиа хүртсэний дараа л жилийн өмнө эмээгээ нас барсныг, ээж нь найман жилийн турш ходоодны хорт хавдраар шаналж буйг сонсчээ. Лондоны олимпод амжилт гаргахад нь сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн эцэг эх нь энэ бүхнийг түүнээс тас нуусан аж. 3 м-ийн трамплинаас үсрэлтэд түрүүлж, үүн дээрээ хоёр ч алтан медаль хүртсэнээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ бүсгүй гэр бүлийнхэнтэйгээ ховор уулздаг бөгөөд айл өрхийн аз жаргалыг мэдрээгүй нэгэн гэнэ. Гэрээсээ 16 жил хол амьдарсан, спортын хатуу амьдралд нухлагдаж буй түүнтэй аав, ээж нь амьдралынхаа нарийн ширийнийг ярих нь бүү хэл, хааяа телевизээр л хардаг аж.
Олимпийг телевизээр үзэхийг зөвшөөрөв
Лондоны олимпоос тамирчид нь хэд хэдэн алтан медаль хүртсэний дараа сэтгэл нь амарсан БНАСАУ-ын төрийн эрх баригчид иргэддээ өдөрт таван цаг олимпийн тэмцээн үзэх, мөн орой 15 минут олимптой холбогдолтой мэдээлэл хүлээн авах зөвшөөрөл олгожээ. Мөн Өмнөд Солонгосын тамирчдын алтан медаль гардаж буй баяртай агшныг үзэх боломж ч бүрдэж байгаа гэнэ. Гэхдээ тэмцээнийг зөвхөн DailyNK суваг нэвтрүүлэх бөгөөд энэ нь нийт солонгосчуудыг балиашиглах анхны түүхэн боломж аж. Гэвч уг суваг зөвхөн Пхеньянд амьдарч буй хүмүүст үйлчлэх тул хязгаар нутгийн иргэдэд асуудал үүсгээд буй гэнэ. Медалийн чансаагаараа Өмнөд Солонгос дөрөв, Хойд Солонгос есдүгээрт яваа билээ.
Том толгойлохын уршиг
ОХУ-ын олимпийн шигшээ багийн дугуйчин Виктория Баранова допинг хэрэглэсэн нь тогтоогджээ. Аавынхаа удирдлагад дугуйн спортоор хичээллэдэг 22 настай бүсгүй цуваа гараатай уралдаанд оролцолгүй гэртээ харьсаны учир энэ. Москвагаас Лондон руу нисэхийн өмнө дасгалжуулагчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм толгой мэдэн хэрэглэснээс хамаг асуудал үүдэлтэй аж.
Азгүй дүүгүүрч
Дүүгүүр шидэгч Иван Тихоныг олимпод оролцуулахгүй гэдгээ Беларусийн ҮОХ-ноос мэдээллээ. Допингийн давтан шинжилгээгээр хориотой бэлдмэл хэрэглэсэн хариу гарсан учраас ийм арга хэмжээ авчээ. Найман жилийн тэртээ мөн л сэргээшийн улмаас хүрэл медалиа хураалгаж байсан энэ эр долдугаар сарын 29-нд “В” сорил өгөхөд эерэг дүн гарсан аж. Өдгөө олимпийн тосгонд байрлаж буй Тихон хүссэн цагтаа Лондоноос буцах гэнэ.