С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар энэ долоо хоногт сүүлчийн удаа хуралдах уу гэдэг асуултад одоогоор хариулах хүн алга. УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын төлөвлөгөө ёсоор бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцөх саналаа өнөө маргаашгүй Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг дэмжвэл лхагва гаригт чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг томилох юм. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН-ынхан Н.Энхбаяраар улс төрийг барьцаалахаар зэхэж буй бол, МАН-ынхан УИХ-ын үйл ажиллагаанд оролцолгүй гэдийгээд удаж байгаа.
АН-д МАН-аас гадна “Шударга ёс” эвсэл гэсэн “шүдний өвчин” гарч ирээд буй юм. “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ мөрдөж, тэдэнд олгосон ард түмний итгэлийг эрхэмлэх юм бол УИХ-ын үйл ажиллагаандаа оролцох учиртай. Тэгвэл МАН оролцсон, үгүйгээс үл хамаараад олонхоороо Ерөнхий сайдыг томилох боломжтой. Шинэ Ерөнхий сайдтай болох юм бол одоогийн Засгийн газар хуралдах шаардлагагүй болно. Учир нь түүний бүрэн эрх дуусах юм.
Шинэ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлснээр шинэ танхим бүрдэх учиртай. Засгийн газар байгуулах явц удааширч буй энэ үед халаагаа хараахан өгөөгүй байгаа МАНынхан янз бүрийн шийдвэр гаргаж, халаа сэлгээ хийж буй гэсэн мэдээлэл бий. Үүнийг АН-ынхан эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Өвлийн бэлтгэлээ базаах цаг хаяанд ирсэн учир шинэ Засгийн газрыг яаралтай бүрдүүлж, ажилдаа орох хэрэгтэй байгаа нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил ажилласан Засгийн газар энэ долоо хоногт “үдэлтийн” хурлаа хийх эсэхийг улс төрийн нөхцөл байдал, ойлголцол тодорхойлох нь.
С.УУЛ