Тамирчдын өрсөлдөөн л юм хойно “Лондон 2012”-ын талбарт будлиантай, маргаантай тоглолтууд нэг бус гарсан. Ингээд сэтгүүлчдийн бичих гол “бай” болоод буй долоон дуулианы талаар өгүүлье.
АЗИ БАДМИНТОНЧДЫН ТОХИРОЛЦСОН ТОГЛОЛТ
Зохион байгуулагчид дэлхийн шилдэг дөрвөн хос (БНСУ-ын хоёр, БНХАУ, Индонезийн тус нэг хос)-ын тулааныг албаар хэсгийн тоглолтын төгсгөлд тааруулсан ч нэгэнт плей-оффт шалгарах эрхээ авчихсан “Шар тив”-ийн өдөн бөмбөгчид хүчээ гамнаж тоглож буй нь хэний ч өмнө илхэн байлаа.
Хуурамч өрсөлдөөнөөр үзэгчдийг мэхэлсэн дээрх дөрвөн хосыг ОУОХ-ны эрх бүхий түшмэдүүд шууд тэмцээнээс хасч, оронд нь ОХУ, Канад, Австрали, ӨАБНУ-ын тамирчдыг шөвгийн наймд тоглуулах шийдвэр гаргасан юм.
Олон спорт холбоодод үлгэр жишээ болохуйц уг шийдвэрийн дүнд Японы Фүжи/ Какива нар мөнгө, ОХУ-ын Сорокина/ Вислова хүрэл медаль хүртсэн юм.
ДУУСДАГГҮЙ ГАНЦ СЕКУНД
Туялзуур сэлэмний сабль төрлийн хагас шигшээд Өмнөд Солонгосын Шин А Лам Германы Бритта Хайдеманыг тоглолтын туршид илүүрхэн, финалд шалгарах нь бараг ойлгомжтой болоод байлаа. Гэвч цаг дуусахад ганцхан секундэд цаг гацах нь тэр. Үүнийг анзаараагүй шүүгч дээрх хугацаанд “Тулаанд” гэсэн дохиог дөрвөн ч удаа өгсөн аж. Гэтэл дээрх дөрвөн оролдлогынхоо нэгээр Хайдеманн хожлын оноог авах нь тэр. Ийнхүү зохион байгуулагчдын хариуцлагагүй байдлын балгаар хангүг бүсгүй хожигдож, нүдэндээ нулимстай тэмцээний талбарыг орхижээ. БНСУ-ын тал эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн ч ОУОХ авч хэлэлцсэнгүй, тоглолтыг хүчинтэйд тооцож, Шинд тусгай шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.
АЗГҮЙ УКРАИНЧУУД
Гимнастикийн эрэгтэйчүүдийн багийн тэмцээний дүн гармагц укрианчууд хүрэл, их британичууд мөнгөн медаль авснаа тэмдэглэн баярлалдаж эхлэв. Харин япончууд зохион байгуулагчдын буруу үйл ажиллагаанаас болж дасгалаа бүрэн гүйцэд хийж чадаагүй багийн лидер Кохеи Үчимурагийн үзүүлбэрийг давтан хийлгэх хүсэлт тавьсан хариугаа чимээгүйхэн хүлээж суулаа.
ОУОХ ч тэдний хүсэлтийг ёсоор болгосон бөгөөд Үчимүра хагас цагийн дараа дэвжээнд дахин гарчээ. Түүний өө сэвгүй гүйцэтгэлийн дүнд япончууд мөнгөн медаль хүртэж, Их Британи гурав, Украин дөрөвдүгээр байр луу ухарчээ. Медалиа ийн булаалгуулсан украинчууд үүнийг эсэргүүцэж, протест бичсэн ч санасандаа хүрч чадаагүй бөлгөө.
ӨМНӨДИЙН ДАЛБААТАЙ УМАРДЫНХНЫ ТАНИЛЦУУЛГА
Үндэс угсаа нэгт солонгосчууд улс төрийн бодлогын улмаас хойд, өмнөд хэмээн хоёр хуваагдан, өдөр шөнө шиг ялгаатай амьдарч байгаа билээ. Гэтэл олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцож буй БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг Колумбтай тоглохоор талбайд гарч ирэхэд нь зохион байгуулагчид БНСУ-ын далбааг тавьчихсан цэнгэлдэх хүрээлэнгийн электрон самбараар танилцуулах нь тэр. Үүнд эгдүүцсэн хойд солонгосчууд талбайг орхин одсон бөгөөд Зохион байгуулах хорооноос болон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кемерон албан ёсоор уучлалт гуйсны дараа л талбайд гарч тоглон, өмнөд америкчуудыг 2:0-ээр буулган авчээ.
ДЭЛХИЙН АВАРГА СЭРГЭЭШИЙН ШАЛГАЛТАД УНАЖЭЭ
Бүх дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) олимпийн наадам эхлэхээс өмнө допинг хэрэглэсэн зургаан тохиолдлыг илрүүлжээ. Тодруулбал өндрийн харайлтын танхимын ДАШТ-ий алтан медальт Грекийн Димитрис Хондрокукис, Узбекистаны гимнастикч Луиза Галиулина, Сент-Китс бан Невисийн гүйгч Тамека Уильямс, Турк, Албанийн хүндийг өргөгчид шалгалтад бүдэрчээ. Дашрамд сонирхуулахад “Лондон 2012” олимпийн наадам болон паралимпийн үеэр нийт 6250 сорил авах бөгөөд Хэрлоу дахь лабораторид өдөрт 400 гаруй сорьцыг шинжлэх аж.
ЦАХИМ ЕРТӨНЦ ДЭХ ОУОХ-НЫ ХЯНАЛТ ОУОХ
ирээдүйд зөвхөн сэргээшийн шинжилгээ төдийгүй интернэт орчинд хяналтаа тогтоох бололтой. Тухайлбал Грекийн гурвын харайлтын тамирчин Параскеви Папахрист твиттер хуудсандаа арьс өнгөний үзэл ханхлуулсан бичлэг хийсэн нь түүнийг олимпийн наадмаас хөөх хангалттай шалтаг болсон билээ. Мөн Швейцарийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн Мишель Морганелла твиттертээ Өмнөд Солонгосын өрсөлдөгчдийнхөө тухай таагүй хэдэн үг бичсэн нь мөн л багаасаа хасагдахад хүргэжээ.
ЛОХТЕГООС “ХУРДАН” ХЯТАД ОХИН
Усанд сэлэлтийн 400 метрийн холимог сэлэлтэд 16 настай хятад охин Е Шивень 4:28:43 амжилтаар дэлхийн рекорд тогтоон түрүүлсэн нь олон хүний нүдийг бүлтийлгэсэн. Усан спортын олон улсын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн гүйцэтгэх захирал Жон Леонард “Тэр сүүлийн 20 метрт Райан Лохтегоос илүү хурдалсан нь усан спорттой 45 жил холбогдсон миний гайхлыг төрүүлж байна. Ийм зүйлд итгэж чадахгүй нь” гээд түүнийг сайтар шалгахыг WADA-гаас хүссэн байна. Харин Е Шивень “Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй. WADA допингийн сорьцыг найман жилийн турш хадгалдаг ч гэсэн Хятадын сэлэгчдэд айх зүйл огт байхгүй” гэж мэдэгджээ.
Р.МАНЛАЙ