УИХ-ын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон улсын Гүнма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн байхдаа З.Энхболд дарга Өвөрхангай аймаг болон дээрх мужтай хамтран ажиллах санаачилга гаргасан нь одоо ажил хэрэг болж буй юм байна. Гүнма муж нь Японы хамгийн олон халуун рашаантай газар аж. Мөн автомашин, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар, гар урлалын жижиг үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужид ордог байна. Ялангуяа анагаах ухааны мэсгүй эмчилдэг технологийг ашиглаж хорт хавдрыг анагаах чиглэлээр ихээхэн үр дүнд хүрч байгаа Японы гурван мужийн нэг нь юм.
Гүнмагийн их сургуульд Монголоос 29 оюутан суралцдаг аж. 2008 оноос өмнө хөдөө аж ахуйн чиглэлээр Монголоос дадлагажигч хүлээн авч, жилд 4-5 хүнийг хөдөө аж ахуйн коллежид суралцуулдаг байсныг мужийн захирагч Осава Маса Аки танилцуулаад, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ажиллах болно гэлээ. Мөн анагаахын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Япон улсын анагаахын салбарт дөнгөж дэлгэрч байгаа шинэ технологийг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглах нь ихээхэн ач тустай юм. Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн шинэ сайд томилогдсоны дараа энэ асуудлыг судалж танилцах чиглэл өгөх болно” гэлээ.
Мөн хөдөө аж ахуйн салбарт дадлагажигч авах туршла гаа үргэлжлүүлэхийг хүссэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.