Дэлхийн оюуны олимпод оролцохоор Монголын даамчид өнөөдөр өглөө Франц улсыг зорилоо. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмын анхных нь 2008 онд Бээжинд болж байсан билээ. Энэ сарын 9-24-нд Францын Лилль хотноо болох оюуны спортын их наадамд манай улсаас Ази тивийн дөрвөн удаагийн аварга, улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, олон улсын мастер О.Түвшинболд, дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, Р.Манлай тэргүүтэй 12 даамчин оролцох юм.
Оюуны олимп шатар, даам, го даам, хятад шатар, бриж гэсэн үндсэн таван төрөлтэй. Энэ удаагийн тэмцээнд манайхаас зөвхөн даамчдын баг оролцох бөгөөд шатрынхан энэ сарын сүүлчээр Туркт болох шатрын олимпиадад тоосоо өргөхөөр болсон гэнэ. Оюуны олимпийн үеэр болох Дэлхийн даамын холбооны ээлжит ассамблейд Монголын даамын холбооны болон Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-эрдэнэ оролцохоор явж буй аж.
Манай даамчдын хувьд үндсэн тэмцээнээс гадна багийн, рапид, блиц төрөлд оюун ухаанаа сорих аж. Бээжинд болсон олимпод манайхан гурван төрлөөр оролцож байсан бөгөөд даамын рапид төрөлд гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 16-д шалгарч, го даамын хос тоглолтын төрөлд Ц.Санчир, Р.Тунгалаг нар шилдэг наймд шалгарсан амжилт үзүүлж байжээ.
Оюуны олимпод оролцохоор явж буй Дэлхийн даамын холбооны мастер, “Таван цагариг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Манлайдаа хамт олных нь зүгээс өндөр амжилт хүсэн ерөөж байна.