“Та намайг домог гэж байгаа юм уу? Яалаа гэж дээ. Олимпийн аварга цолоо хамгаалсны дараа л ингэж нэрлээрэй”. Бээжингийн олимпод алдраа мандуулсныхаа дараа Ямайкийн гүйгч Усэйн Болт ийн өгүүлсэн. Түүний амалсан ёсоор болж, дэлхийн хамгийн хурдан хүн Лондоны олимпийн 100 м-т аваргаллаа. Тэр зөн совиндоо итгэдэг. Үүнийг гэрчлэх бас нэг баримт гэвэл “2012 оны олимпод дэлхийн дээд амжилт шинэчилнэ гэж хэлэхгүй. Харин алтан медалиа л хүртэнэ шүү” хэмээн сэтгүүлчдэд өгүүлсэн нь бий.
Африк тивийн буйдхан орон болох Ямайкийн “бор хүү” ийнхүү будант Альбионд ч “гэрлийн хурдаар” гүйж, 9.63 секундэд барианд магнайлан орж ирсэн юм. Үзэгч хамгийн олон цуглардаг төрөл 100 м-ийн гүйлтийн шигшээ тэмцээн. Тамирчин хүний боломж чадавхийг хэдхэн секундийн дотор шалгадгаараа энэ зай онцлог. Энэ удаагийн наадамд У.Болтын нутаг нэгт Йохан Блэйкийг аваргалж магадгүй гэж найдах хүн ч цөөнгүй байв. Тэгвэл энэ зайд Афины олимпод түрүүлсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хасуулсан төдийгүй тэмцээн уралдаанаас таван жил хөндий байсан америк эр Жастин Гэтлин, бариа ойртоход ур чадвараараа яаж ч илүүрхэж мэдэх Голландын Чуранди Мартина, ойрын жилүүдэд олимпийн медалиа үргэлж түүнд “дээрэмдүүлсэн” Тайсон Гэй, ноднингийн ДАШТ-ээс цойлсон Йохан Блэйк гээд л шилдэг өрсөлдөгчид олон байлаа. Гэсэн ч Бээжин-2008- ын баатар шийдвэрлэх үед юу чаддагаа харуулж, хамгийн түрүүнд бариалснаар олимпийн дөрөв дэх алтан медалиар энгэрээ мялаасан юм.
Дэлхийн дээд амжилтыг шинэчилж чадаагүй ч олимпийн дээд амжилтыг 9.63 секундээр ахиулжээ. Дөрвөн жилийн тэртээд тэрбээр уралдсан бүх зайдаа түрүүлж, төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн бол өнөө ч ялалтын буухиагаа үргэлжлүүлэх нь лавтай. Сонирхолтой нь 100 м-ийн гүйлтийн шигшээд Ямайкийн гурван хөнгөн атлетикч багтсаны дотор нэгэн цагт дэлхийн дээд амжилтыг эвдэж явсан Асафа Пауэлл байсан юм. Барианд хамгийн түрүүнд орсныхоо дараа сэтгэлийн хөөрлөө янз бүрээр илэрхийлдэг У.Болтын “жүжиг”-ийг хүмүүс үзэх дуртай. Лондонд ч тэр мөнөөх шоугаа тавьж, “толгойгоороо тоглосон” юмдаг. Бээжингийн олимпод түрүүлчихээд эх орондоо ирсний дараа Кингстоны хөгжмийн хамтлагтай концерт тоглон, өөрөө үндэсний хөгжмөө дарсан авьяаслаг энэ эр Английн алдарт “Манчестер Юнайтед”-ийн хөлбөмбөгчидтэй бэлтгэл хийж, “Бавари”-гийн бэлтгэлийн төвд Луи ван Галтай уулзан, Мадридад Криштиану Роналдутай мөр зэрэгцэн гүйж, Их Британийн хун тайж Харритай уралдаж байсан гайхалтай намтартай нэгэн.
200 м, 4х100 м-ийн буухиад ч түүнийг аваргална гэж мөрийцөхөд бэлэн байна. Дашрамд дурдахад 25 настай энэ залуу дэлхийн хамгийн баян гүйгч юм. Спортын бараа бүтээгдэхүүнээрээ алдартай “Puma”-тай 2,5 сая фунт стерлингээр таван жилийн гэрээ байгуулсан бол “Gatorade”-ийн ундааг уусны төлөө жилд 2-3 саяыг халаасалж, “ Virgin Media”, гар утасны “Digicel”, SOUL-ийн чихэвчийг сурталчилснаар тус бүрээс нь жилд олон мянган фунтыг авдаг аж. Гэр бүлээрээ “Зам ба дээд амжилт” рестораны сүлжээтэйгээс гадна “Sherwood Holdings and UB Management” компанийн захирал нь дэлхийн хамгийн хүн өөрөө. Лондоны олимпийн дараа Ямайкийн “хүн гөрөөс” онлайн тоглоом болон гар утасны программ гаргах ажилдаа яаравчлан орох аж. Бурхан түүнд аль ч салбарт амжилт гаргах авьяас билэг хайрлажээ.
100 м-ийн гүйлт:
1.Усэйн Болт (Ямайка) 9.63
2. Йохан Блэйк (Ямайка) 9.75
3. Джастин Гэтлин (АНУ) 9.79
М.ФЕЛПС ЗОДОГ ТАЙЛНА
Бүх цаг үеийн шилдэг сэлэгч бол АНУ-ын Майкл Фелпс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбээр Лондоны олимпоос дөрвөн алтан медаль хүртэж, нийт 18 алт, хошой мөнгө, хоёр хүрэл буюу 22 медаль авснаар ОХУ-ын спортын гимнастикч Лариса Латынинагийн 18 медалийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, олимпийн хамгийн олон медальтай нь “газар уснаа явагч хүн” бөгөөд энэ үзүүлэлт олон жил ноёрхоно хэмээн шинжээчид үзэж байна. Зорилгоо биелүүлсэн тамирчин олимпийн дараа зодог тайлахаар шийджээ. “Би амьдралаа цоо шинээр эхэлнэ. Хангалттай аяллаа. Надад тогтсон амьдрал алга. Усан сан, зочид буудлын хооронд явсаар 12 жил өнгөрчээ. Хэний ч хүрээгүй оргилд гарснаараа бахархаж байна. Би хийдгээ хийсэн” хэмээн ярьжээ.
ТАНХАЙ ЖҮДОЧ
Усэйн Болтыг барианд хамгийн түрүүнд орж ирэхэд лонх шидсэн нэгэн эрийг Лондоны цагдаа нар баривчилсан тухай Guardian мэдээллээ. Сонирхолтой нь уг этгээд энэ удаагийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Голландын жүдоч Эдит Босх байжээ. “Шууд л түүн рүү шил шидмээр санагдсан. Сэтгэл хөдлөлдөө автаад би нуруун тушаа нь шидсэн юм. Нутаг нэгт Чуранди Мартина маань хожигдсонд гунигтай байна ” гэж тэр хээвнэг өгүүлжээ.
ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ЭДВСЭН Ч ТҮРҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ
Дэлхийн дээд амжилт шинэчилсэн мөртлөө аваргалж чаддаггүй сонин тохиолдол бий. ОХУ-ын туйванч Татьяна Каширина огцом өргөлтөөр 151 кг-ын ард гарч, дэлхийн дээд амжилт шинэчилсэн хэрнээ нийлбэрээр нэгдүгээр байр эзэлж чадсангүй. Харин урд хөршийн Жоу Лулу огцом болон түлхэлттэй өргөлтөөр 333 кг-ын үзүүлэлтээр алтан медаль хүртжээ. Дэлхийн рекорд шинэчлэх үеэ рээ Татьяна хамаг хүчээ барсанд л гол учир байгаа юм. Олимпийн мөнгөн медалийн эзэн тэрбээр ДАШТ-д мөн л энэ хятадад ялагдаж байжээ.
МАРРЕЙГ НУТГИЙНХ НЬ ДЭВЖЭЭ ТҮШИВ
Их Британийн теннисчин Энди Маррей агуу Федерерийн эсрэг хэзээ ч ийм сайн тоглож байсангүй. Нутгийнх нь дэвжээ түшсэн юм байлгүй, тэрбээр шигшээд дэлхийн тэргүүн тоглогчийг илүүрхэн, 6:2, 6:1, 6:4-өөр ялжээ. Сербийн алдарт тоглогч Новак Жокович Аргентиний Хуан Мартин Дель Потрод дийлдэн мөн дуулиан дэгдээв. Эмэгтэйчүүдээс Серена Уильямс ОХУ-ын Мария Шараповаг ядах зүйлгүй ялж, мөнгөн медаль дээр буулгасан. Агуу Серенагийн ялалт үүгээр дууссангүй, хос тоглолтод эгч Винусынхаа хамт аваргын титэм гарджээ
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.БНХАУ 30 17 14 61
2.АНУ 28 14 18 60
3.Их Британи 16 11 10 37
4.БНСУ 10 4 6 20
5.Франц 8 8 9 25
6.Итали 6 5 3 14
7.Казахстан 6 0 0 6
8.Герман 5 10 7 22
9.ОХУ 4 16 15 35
10.Унгар 4 1 3 8
...43.Монгол 0 1 1 2
Б.ӨЛЗИЙТОГТОХ