Өмнө нь хоёр удаа олимп зохион байгуулсан туршлагатай Их Британи зуны ХХХ олимпийг туршлага заан, өндөр хэмжээнд зохион байгуулах нь гарцаагүй хэмээж байсан ч наадмын эхний өдрөөс будилж, улс орнуудыг хооронд нь хольж хутган багагүй хэл ам таталсан. Наадам зохион байгуулагчдын алдааг зарим тоглолтын шүүгчид “буухиалан”, тэмцээний дүн будлиантуулаад авав. Үүнээс гадна наадмын тулгамдсан асуудлуудын дунд спортын байгууламжид гар утасны холбоо муу ажиллаж байгааг шинжээчид болон сэтгүүчид шүүмжилсэн юм.
Мөн “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнгийн түлхүүрийг гээсэн болон олимпийн бамбарыг “нууж наадсан” гээд хачирхалтай үйл явдал энэ олимпийн хуудаснаа бичигдлээ. Үүний дараахан бадминтоны тэмцээний талбай “халуун цэг” болон хувирч, БНСУ, Хятад, Индонезийн хос тоглогчид үгсэн хуйвалдсан хэргээр хасагдсан бөгөөд Хятадын тамирчин зодог тайлахаар шийдсэнээ өөрийн “Твиттер”-т бичжээ. Мөн боксын шүүгчид хэл амны бай болсон бол эмэгтэйчүүдийн туялзуур сэлэмний хагас шигшээ тэмцээнийг ч мөн шүүгчид будилуулжээ.
Хамгийн их анхаарал татсан, маргаантай асуудал бол Хятадын сэлэгч Еэ Шивэнь ахар богино хугацаанд замаа туулсан явдал. 16 настай тэрбээр 400 метрийн зайг 2:0.07 секундэд туулсан нь гарцаагүй сэргээш хэрэглэсэн гэсэн хардлагыг дагуулаад буй. Гэхдээ түүнээс сэжигтэй гэхээр зүйл илрээгүй юм. Харин допингийн асуудалд генийн сэргээш гэдэг нэр томъёо 2003 оноос дуулдах болсон юм байна. Тэгвэл Хятадын сэлэгчийг генийн сэргээш хэрэглэсэн байж магадгүй хэмээн Америкийн усанд сэлэлтийн дасгалжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Жон Леонард мэдэгдсэн нь шуугианыг улам гааруулчихлаа. “Тамирчид генийн сэргээш хэрэглэж байна” гэсэн яриа бүр 10-аад жилийн өмнөөс сонсогдох болсон ч үүнийг батлахад одоогийн шинжлэх ухааны “толгой” хүрэхгүй байгаа аж.
Учир нь энэ бол хүний геньд санаатайгаар өөрчлөлт оруулна гэсэн үг. Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлаг эритропоэтин хэмээх дааврын генийг тамирчдын биед “халдаах” буюу шилжүүлэх вирусийг хориотой эм, бэлдмэлийн цэст 2003 онд багтаасан аж. Энэ мэтчилэн Лондон-2012 -ын эргэн тойронд болж буй дуулиан наадмын нэр хүндэд нөлөөлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж буй. Шинжээчдийн дүгнэлтээр Лондон зардлаа нөхөж чадахгүйд хүрэх магадлалтай байна.
Ж.ЦЭЦЭГ