Даамын спортын 90-ээд оны шилдэг мастеруудын нэг Г.Дүгэрсүрэнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1975 онд нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулийг дүүргэж, 1980 онд МУИСийг химич мэргэжлээр дүүргэж, Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Намайг оюуны спортын төрөл болох зуун буудалт даамын спортод хөтөлсөн багш бол улсын гурван удаагийн аварга Л.Ганбаатар, түүний аав Лодойдамба нар байлаа. Авьяаслаг даамчин Л.Ганбаатар агсан, Ч.Чулуунбаатар нартай үерхэн нөхөрлөж, 1985 оноос даамын спортод хөл тавьсан түүхтэй.
-Оролцсон анхны томоохон тэмцээн, гаргасан амжилт гэвэл?
-Тухайн жилүүдэд цөөхөн ч чанартай тэмцээнүүд зохиогддог байсан. Оюутан байхдаа 1978 онд Улаанбаатар хотын спартакиадаас мөнгө,1989 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, спортын мастер хэмээх эрхэм алдрыг хүртсэн дээ. Цөөхөн тэмцээнд оролцсон миний хувьд том амжилт юм даа. .
-Таныг өдгөө ч зуун буудалт даамын дэмжиж, төрөл бүрийн тэмцээн уралдааныг ивээн тэтгэдэг гэлцэх юм?
-Гэр бүлийнхээ хамтаар Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байна. “Шүтэн уул” компанийг үүсгэн байгуулж, ажлын хувцасны оёдлын үйлдвэрийг удирдахын зав чөлөөгөөр аймгийнхаа даамчин хүүхэд,залуучуудыг чадрын хэрээр дэмжин тусалж, ивээн тэтгэдэг. 2004 онд компанийнхаа таван жилийн ойн нэрэмжит тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан. Манай улсын шилдэг 100 гаруй даамчин өрсөлдсөн сайхан тэмцээн болсон. Мөн саяхан Франц улсын Лилль хотноо зохиогдох Дэлхийн оюуны спортын II наадамд оролцох даамчдынхаа бэлтгэлжилтийг хангах арга хэмжээнд оролцлоо. Их мастер Д.Эрдэнэбилэг, ОУМ О.Түвшинболд тэргүүтэй манай тамирчдын бэлтгэлжилт тун сайн байна лээ. Тийм болохоор оюуны спортын их наадамд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна. Ер нь оюуны спортыг, тэр дундаа зуун буудалт даамын хөгжилд өөрийн хувь нэрмээ оруулж яваа, цаашаид ч оруулах болно гэж бодож явдаг. Гэр бүлийнхэн маань даамыг сэтгэл зүрхээрээ дэмждэг.
-Цаашдаа ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна даа?
-Аймагтаа зохиогдох зуун буудалт даамын тэмцээн бүрийг боломжоороо ивээн тэтгэнэ. Манай “Шүтэн уул” компани, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Н.Батлав даргатай аймгийн БТСГ-тай хамтран энэ намар төвийн бүсийн эрчим хүчний зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулна.
Д.ГЭНЭЭ