УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатаас зарим зүйл тодрууллаа.
-“Шударга ёс” эвслийн зүгээс Н.Энхбаярт ял оноосон асуудлаар байр сууриа илэрхийлэхийг та бүхнээс хүссэн. Тэд үүнээс болж Засгийн газарт орох эсэхээ эргэж харна гээд байгаа. Талууд уулзаж, ярилцсан уу?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. УИХ хууль тогтоодог. Шүүх бол өөрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн намууд, олон нийтийн байгууллагууд оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчмыг баримтлах ёстой. Гэхдээ Монгол Улсад өмнө нь гарч байсан улс төрийн хэлмэгдүүлэлт давтагдах ёсгүй. Ардчилал, хэлмэгдүүлэлт хоёр зохицож болохгүй гэдэг дээр АН болон Монголын олон нийт санал нэгдэх байх гэж. Бид хамгийн гол нь төрийн ажлыг цаашид зөв явуулахын тулд эрх зүйн зарим орчныг өөрчлөх ёстой. Шүүхийн тухай хуулийн хуучны социалист, шоронжсон тогтолцоог өөрчлөх дээр санал нэгтэй байх ёстой юм. АН-ын хувьд ИЗНН, “Шударга ёс” эвсэл, МАН-тай ч хамтарч эрх зүйн орчны шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-МАН-тай зөвшилцөж байгаа юу?
-Олон талын гарц хайж байгаа. Өчигдөр МАН-ыг төлөөлж Н.Энхболд гишүүн ярилцлага өгсөн байна лээ. АН-ын байр суурь бол аливаа нэгэн шаардлага, тулгалт байх ёсгүй юм. Бүх зүйлийг хуулийн хүрээнд зөвшилцөх ёстой гэсэн байр суурь дээр байгаа. Аль аль талаасаа зөв гарц хайх ёстой. Ямар ч байсан УИХ-ын үйл ажиллагаа цаашид жигд явах ёстой. МАН-ын тавьж байгаа асуудлын тухайд УИХ олонхоо бүрдүүлсэн учраас даргаа сонгосон. УИХ-ын үйл ажиллагааг цааш явуулахад МАН хуралдаандаа оролцох нь зарчмын асуудал. Хоёрт, Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг хоёр талаасаа ойлголцоод явах ёстой. Энэ бол хэн хэндээ хийх тулгалт биш.
Хоёр талаасаа ойлголцоод иргэний, захиргааны хэргийн шүүхээр, журмаараа шийдэгдээд явах асуудал. Гуравдугаарт, санал тоолох машинд итгэхгүй байгаа бол сонгуульд үл хамаарах асуудлаар санал асуулга зохион байгуулж, санал тоолох машиныг шалгаж болох юм гэсэн байр суурь дээр байгаа. Монголын төрийг төвшитгөе, засгийн ажлыг хэлбэрэлтгүй явуулъя, ард түмнийхээ эрх ашгийг урдаа тавья гэж байгаа бол энэ УИХ элэг бүтэн ажиллаж цаашдын шийдвэрээ хамтарч гаргах ёстой.