-Гурван Байнгын хорооны даргыг томиллоо-
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Энэ удаагийн УИХ -аас Өргөдлийн байнгын хороог нэмж байгуулсан. Ингээд нийт найман Байнгын хороотой болж буй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнийг өмнө нь баталсан байсан тул өчигдөр үлдсэн долоон Байнгын хорооны гишүүдийг танилцуулав. УИХ-ын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэг гишүүн гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллах боломжтой болсон. Мөн нэг Байнгын хороо 10-19 гишүүнтэй байхаар тоог нь бууруулсан учраас МАН-ыг хүлээлгүйгээр энэ ажлаа амжуулах боломжтой болсон аж. Гэхдээ МАН-ын гишүүд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохын тулд Байнгын хороодод харьяалагдах ёстой. Тиймээс өчигдөр нэг Байнгын хороог 16 хүртэл гишүүнтэйгээр байгуулжээ.
Сонирхуулахад, гишүүд Төсөв, Эдийн засаг, Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ажиллах сонирхол их, олонх нь тийш саналаа өгдөг. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй зэрэг хороонд орох хүн ховор олддог учир гишүүдийг нэр зааж хуваарилах жишиг байдаг юм. Гэвч энэ удаагийн УИХ есөн эмэгтэй гишүүнтэй, тэд нийгмийн асуудалд түлхүү анхаарахаа мэдэгдсэн билээ. Тиймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тэднээс зургаан бүсгүй нь орсон байна.
Мөн шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хороо 14 гишүүнтэй боллоо. Бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолыг гишүүд 95 хувийн саналаар баталсан юм. Үдээс хойш Байнгын хороод хуралдаж, түрүүчээсээ даргаа тодруулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Г.Баярсайханыг даргадаа нэр дэвшүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар гишүүн Б.Гарамгайбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргаар гишүүн Ц.Даваасүрэнг томилуулах саналаа чуулганд оруулахаар болсон юм. Улмаар УИХ-ын чуулган 17.00 цагт хуралдаж, дээрх гурван Байнгын хорооны даргыг томилов. Үлдсэн Байнгын хороод нь өнөөдөр хуралдах юм байна.
С.УУЛ