БНХАУ-ын Засгийн газар 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 (бакалаврт 78, магистрантур, докторантурт 50) оюутныг тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Тодруулбал, байгаль орчин, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн чиглэлээр 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр 18 оюутанд тэтгэлэг олгох юм байна. Бакалаврын түвшний тэтгэлэгт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II курсэд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн хамрагдах боломжтой. Магистрантур, докторантурын тэтгэлэгт 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, хоёроос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны иргэдийг шалгаруулах гэнэ. Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг олгоно.