Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нэгэн сонирхолтой захирамж гаргажээ. Түүний захирамжийн дагуу тус сумын ЗДТГ-ын албан хаагчид өчигдрөөс эхлээд “Илгээлтийн эзэд” болсон байна. Жил жилийн өдийд мал ид төллөдөг учраас малчны хотонд хүн хүчний хэрэгцээ их байдаг. Тиймээс сумын удирдлагуудын гаргасан энэ санаачилга малчид, ард иргэдийн талархлыг хүлээж буй аж.
Өндөрширээт сумын ЗДТГ нийтдээ 28 ажилтантай бөгөөд тэд хоёр ээлжээр хуваагдан, дөрвөн багийнхаа хамгийн хүн бүл муутай гэсэн айлуудад долоо хонох илгээлт өвөртөлжээ. Мал ид төллөж буй энэ ачаалалтай үед эмэгтэйчүүд нь хурга, ишигний элгэвч нэмнээ оёж шидэх, нялх төлийн хэвтрийг цэвэрлэхээс эхлээд малчдын хоол, цайг нь бэлдэж өгвөл тус багаддаггүйн жишээ тэр болно. Илгээлтийн эзэн эрчүүдэд ч хийх ажил мундахгүй. Хонь мал эргүүлэх, хөрзөн ухах, ямаа самнах гээд малчдын нэргүй их ажлаас хугаслахаар илгээлтээ өвөртлөөд мордсон тэдэнд амжилт хүсье. Социализмын үеийн сайн жишээг орчин цагт үргэлжлүүлж байгаа тэднээс бусад нь санаа аваад, энэ ажлыг илүү олон сум, багийн удирдлагууд хэрэгжүүлбэл болохгүй гэх газаргүй билээ.