Монгол Улсын агаарын замаар онгоцнууд хоорондоо 90 км зай нисдэг байсан. Өөрөөр хэлбэл, манай улсын хилээр нэвтрэхдээ хоёр онгоц хоорондоо 90 км-ын зайтай явна гэсэн үг. Гэтэл дэлхийн олон орон төдийгүй манай урд, хойд хөршид энэ зай 30 км байжээ. БНХАУ, ОХУ-ын нутагт ийм зайтай нисэж байгаад манай улсын хил дээр ирэхэд нь хоорондын зайг нь 90 км болгохын тулд онгоцыг хүлээлгэх, ачаалал ихтэй үед бүр 45 минут саатуулсан тохиолдол ч гарсан удаатай гэнэ. Үүнээс болоод зарим улсын онгоц манайхыг тойрч нисдэг байж. Тэгвэл энэ бүх чирэгдэл үгүй боллоо. Учир нь өнөөдрийн 10.00 цагаас эхлэн манай агаарын замд нислэг үйлдэх онгоц хоорондын зай 30 км болсон юм. Ингэснээр манай нислэгийн үйлчилгээ олон улсын жишигт хүрч, Монгол Улсын агаарын зайд онгоц ашигтай цаг, өндрөөр нисэх боломж бүрдэн, үүнээс үүдэлтэйгээр нислэг цуцлагдахгүй болох юм. Мөн манайхыг дайрч өнгөрөх агаарын хөлгийн тоо нэмэгдэн, Монгол Улсын агаарын замын аюулгүй байдлын үнэлгээ олон улсад сайжрах аж.