Нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж баталлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан, 80 ам метрээс ихгүй талбайтай орон сууцнуудад уг журам үйлчлэх юм.
Энэхүү журамд заасан ерөнхий нөхцөлүүдийн нэг нь орон сууцны урьдчилгаа төлбөр дутагдалтай байгаа, нийслэлийн харьяа байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, цаашдаа ч тогтвортой хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй иргэнд дээрх сангаас дэмжлэг үзүүлэх юм байна. Гэхдээ тухайн иргэн урьдчилгаа төлбөрөө бүрэн гаргах боломжгүй ч банкны зээлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой гэнэ. Тиймээс эхлээд харилцагч банкинд хүсэлт гаргаад, тэндээс нь зээл олгох боломжтой гэвэл “Улаанбаатар орон сууц сан”-д хандаж, урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах аж. Түүнчлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөрийнхөө 50 хувийг төрөөс гаргуулж байгаа учраас эргүүлээд түүнийгээ барагдуулах чадвартай эсэхийг нь ч харгалзах гэнэ. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулсан учраас энэ журам өмнөх орон сууцны хөтөлбөрүүд шиг тийм ч хатуу чанд биш, харьцангуй уян хатан гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж буй.