Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтарч ажиллах хэлэлцээ завсарласныг та бүхэн мэдэж байгаа. “Чалко” компанид урт хугацаагаар нүүрс нийлүүлэхээр тохирсон нууц гэрээ гэнэт ил болж, урагштай явсан хэлэлцээг завсарлууллаа гэж ажлын хэсгийнхэн нь дуулгасан. Нууц гэх гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.долларын өрөө төлсний дараа Тавантолгойн Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг тэднийд таван жилийн турш худалдана, мөн төдий хугацаанд 60 хувийг нь нийлүүлнэ гэж заасан байжээ. Хэрэв манай тал үүргээ биелүүлэхгүй бол нөхөн олговор төлж, арбитрт дуудагдах нарийн заалт ч байгаа аж. Манайх нийт 10 жил нүүрсээ нийлүүлэх үүрэг хүлээсэн хэрэг. Хятадын “China Shenhua energy”, Японы “Sumitomo”, Монголын “Energy resources” компанийн нэгдэл Тавантолгой ордыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулах сонирхолтойгоор хөрөнгө оруулахаар шийдсэн нь мэдээж. Ялангуяа “China Shenhua Energy”, “Sumitomo” компани нүүрсний борлуулалтаас ашиг олохоор энэ тендерт оролцсон нь тодорхой. Хөрөнгө оруулагч нэгдлийн менежментийг нь хийх “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг уурхай нүүрсээ өөр газарт нийлүүлэх урт хугацаатай гэрээ хийсэн нь тэдний хөлийг тушихаас өөр яах билээ.
Нүүрсээ өөрсдөө борлуулахгүй бол хүссэн ашгаа олж чадахгүй шүү дээ. “Чалко”-д 10 жилийн турш нүүрсээ нийлүүлэх үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээ нууц байж байгаад гэнэт ил болсон гэдэг эргэлзээтэй. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш 2012 оны аравдугаар сард “Өрөө ирэх жилийн хавар төлж дуусгана. Түүнээс долоон сар гаруйн дараа анхны борлуулалтын орлогоо үзнэ гэж найдаж байна. Гэхдээ “Чалко” дараагийн таван жилд үргэлжлүүлэн манай нүүрсийг худалдаж авна. Тэр үедээ үнээ тохиролцоно” гэж ярьж байжээ. Өдгөө тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Я.Батсуурь 2013 онд “Хамтрагч компанидаа 350 сая ам.долларын өрөө төлж дууссаны дараа, дахиад таван жил нүүрс нийлүүлэх гэрээтэй. Ингэхдээ бид Зүүн Цанхиас олборлох нүүрсний 80 хувийг тэднийд нийлүүлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, өмнө байгуулсан гэрээний энэ зүйл заалтыг одоогоор өөрчлөөгүй байгаа гэсэн үг. Гэхдээ бид үнээ дахиж өөрөөр тохиролцох, гэрээний нөхцөлийг Монголын талд ашигтайгаар дахин сайжруулах санал тавиад, нэлээд идэвхтэй хөөцөлдөж байна” гэж ярьжээ. Энэ мэдээллийг google.com хайлтын системийг ашиглаад олоод үзчих боломжтойг энд дурдъя. Ингэж ярьж явсан Я.Батсуурь хоригдохоосоо өмнө Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээний дэд ажлын хэсгийг анхалж байсан.
Тэгэхээр ажлын хэсгийнхэн болон хөрөнгө оруулагч тал “Чалко”-той байгуулсан гэрээний талаар огт мэдээгүй гэдэгт итгэхэд бэрх. Хөндлөнгийн шинжээчид “Тавантолгойг хөрөнгө оруулагчдад хариуцуулах хэлэлцээ улс төрийн дэмжлэг авахгүй нь ойлгомжтой болсныг М.Энхсайхан мэдрээд нууц гэрээ ил болж хэлэлцээг зогсоолоо гэж шалтаглаж байна” гэж таамаглаж буй. М.Энхсайхан сайд “Чалко”-гийн гэрээний асуудлыг шийдвэрлэх арга зам олохыг хичээнэ гэж амласан. “Чалко”-той байгуулсан гэрээг хэрхэн зохицуулна гэж итгэж, Засгийн газар, хөрөнгө оруулагчид хэлэлцээгээ эхлүүлсэн юм бол. “Эрдэнэс Тавантолгой” компани 10 жилийн туршид “Чалко”-д нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байсныг үнэхээр мэдээгүй гэж үү. Тавантолгойг хөрөнгө оруулагчдад даатгах сонирхолтой, сонирхолгүй улстөрчид хэлэлцээ үргэлжлэх зуурт ялгарч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцээр байгуулахыг дэмжиж буйгаа ил тод мэдэгдсэн. Нөлөө бүхий улстөрч, бизнесийн бүлэглэлийн толгойлогч Х.Баттулга Тавантолгойн ордыг “Energy resources”-т өгөхгүй гэсэн сөрөг мэдээллийн кампанит ажил өрнүүлсээр л байна. Угаасаа түүнийг “Energy resources” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “MCS холдинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцдэгийг монголчууд андахгүй. Түүний тэмцэл үзэл бодлоо хамгаалах “лоозонтой” боловч өрсөлдөгчийнхөө бизнесийг боох, хаах далд санаа агуулдаг гэж хардах хүн олон бий. Тэгвэл эрх баригч нам, мөн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа.
Тэрбээр хэвлэлд “Засгийн газрын бодож байгаа хувилбараар Тавантолгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг УИХ дээр ч би хэлж байсан. Хүн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа өгсөн. Түүнийгээ “Сая төгр өгийн үнэтэй шүү” гээд зарлачихсан. Хэрвээ чи сая төгрөгтэй бол банкинд хадгалуулаад жилд 150 орчим мянган төгрөгийн хүү тооцуулна. “Эрдэнэс Тавантолгой” жилд 150 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахгүй бол болохгүй болчихож байгаа юм” гэж ярьжээ. Хөрөнгө оруулагч тал Тавантолгойн ордын нүүрсийг олборлосныхоо төлөө “Эрдэнэс Тавантолгой” компанид жилд 25 сая ам.долларын тусгай роялти төлөхөөр хэлэлцэж байгаа аж. Үүнийг төгрөгт хөрвүүлбэл 49 тэрбум болно. Гурван сая иргэндээ хуваавал нэг хүнд 16500 төгрөг ногдох юм. Өнөөгийн хэлэлцээрийн дагуу нэг иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компани ийм ногдол ашиг тараана гэсэн үг. Их хурлын даргын ярианаас 150 мянган төгрөгийн ногдол ашиг тараах хэмжээний тусгай роялти төлөх консорциумтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгогдоно. Ногдол ашиг бол хувьцааны нэг хэлбэрийн өгөөж мөн. Тавантолгойн ордын өрсөлдөх чадварыг сайжруулсны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон нийтэд худалдвал чамгүй өндөр үнэ хүрнэ гэсэн таамаг бий. Тавантолгойг өөд нь татсаны дараа иргэдэд олгосон 1072 хувьцаа 1.5 сая төгрөг хүрэхийг хэн ч үгүйсгэхгүй.
Ингэсэн тохиолдолд иргэдэд ногдол ашгаас илүү өгөөж өгнө. Хувьцааны өгөөжийг зөвхөн ногдол ашгаар тооцох нь өрөөсгөл. Хувьцаа зараад мөнгөө өөр зүйлд зориулах сонирхолтой хүн байж л байгаа. З.Энхболд даргын байр суурь Тавантолгойн хэлэлцээгээ зогсоох гэж шидсэн чулуу болов уу. Ер нь Тавантолгойн хэлэлцээг үргэлжлүүлэх улс төрийн хүсэл сонирхол хомс байна. Улстөрчид хоёр тал болчихоод мэтгэж сууна. Хэлэлцээ хийх ажлын хэсгийнхэн болон Засгийн газар уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй үзэж байгаа. Тэгвэл нөгөө тал нь гэрээний заалт бүрийг нарийн нягталж хэлэлцэх сонирхолтой байгаа сурагтай. Гэтэл ажлын хэсгийнхэн гэрээний төслөө нууж байгааг эх сурвалж дуулгав. “Energy resources” биш Хонконгт бүртгэлтэй MMC компани гэрээ байгуулах гэж байна гэх мэт үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд нисэх юм. Тэгвэл юу үнэн бэ? Тавантолгойн орд улстөрчдийн популист санаануудын золиос болж буй нь үнэн. Тавантолгойн ордод дулдуйдаж сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн санаархал энэ ордын хувь заяаг буруу тийш нь хөтөлсөн, барьцаанд тавьсан. Нэгдүгээрт, Засгийн газар тараах бэлэн мөнгө олох хэрэгтэй байсан. Тиймээс нүүрс нийлүүлэх гэрээ хийж “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” хувьцааны үнэлгээг өсгөх шаардлагатай байсан.
Ингээд “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийсэн юм. Тухайн үеийн эрх баригчид 2012 оны сонгуулиас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зах зээлд гаргах сонирхолтой байсан гэдэг. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” компани өрөө дарж чадсангүй, хувьцааг ч нь зах зээлд гаргасангүй. Эцэст нь өрөнд баригдсан, өндийж босох нь үл мэдэгдэх этгээд болж хувирав. Босгож ирэх санаачилгууд ээлж дараалан бүтэлгүйтсээр байна. Зарим санаачилгыг нь улс төрийн явцуу ашиг сонирхол дэгээдэн унагаж буй. Монголын төр энэ компанийг, Тавантолгойн ордыг бизнесийн нүдээр огт харж байгаагүй. Улс төрийн хар хүчээр далайлгасаар ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан боловч Хуулийн этгээдийн газарт бүртгүүлэлгүй нэлээд удсан. Уг нь бизнесийн байгууллагыг бүртг үүлэхдээ хувьцааг нь давхар бүртгүүлдэг. “Эрдэнэс Тавантолгой”-г 15 тэрбум хувьцаатай байлгах шийдвэр гарсан ч бүртгүүлээгүй байгаа. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н тайлан балансад 15 тэрбум хувьцаа бичигддэггүй. Монголчуудын эзэмшиж буй 1072 хувьцааг “амилуулах” анхны алхмыг хийгээгүй гэсэн үг. Зэрэглээ хэмээх байгалийн үзэгдэл бодит зүйлийг барим тавим болгож, хийсвэрлэн харагдуулдаг. Тавантолгойн ордын хэвлийд зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бодитоор бий. Гэвч үр ашгаа өгөх эсэх нь монголчуудын өөрсдийнх нь үүсгэсэн зэрэглээнд сүүмийж байна. Бидний ороо бусгаа олон санаа Тавантолгойг зэрэглээгээр дайвалзуулсаар байх аж.
Т.ЭНХБАТ