Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутам зохион байгуулдаг “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д манай улс анх удаа оролцох гэж буй. 1950 оноос хойш уламжлал болон зохиогдож буй уг тэмцээн өнөө жил Бразилийн Сан-Паулуд наймдугаар сарын 11-16-нд болох юм. Өнгөрсөн жил тус байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн Монгол Улс энэ тэмцээнд өрөг угсралт, хавтанцар наах, цахилгаан, мужаан, үсчин, гоо сайхан, тогооч, токарьчин, гагнуурчин гэсэн есөн мэргэжлээр залуусаа оролцуулахаар мэдүүлгээ өгчээ.
“Мэргэжилтэй ажилчдын дунд явуулдаг энэ тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээдэг. Манай монголчууд урлаг, спорт, оюуны олимпод амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадсан. Тэгвэл энэ зун Бразил явах баг маань Монголын алтан гартай, бурхан ухаантай мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дэлхийд таниулах том үүрэг хариуцлага үүрч байгаа. Тиймээс Засгийн газар ч энэ тэмцээнд онцгой анхаарч байгаа. Дээрх есөн мэргэжлийг сонгохдоо мэргэжлийн боловсрол олгодог бүх шатны сургуулиас санал авсны дээр салбарын холбоодтой хамтарч шилсэн. Тиймээс монгол залуус амжилт гаргах боломжтой гэж үзэж байгаа” хэмээн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ярилаа. Гэхдээ энэ тэмцээнд оролцохын гол ач тус нь өөрийн орны мэргэжлийн боловсролын сургалт ямар түвшинд байгааг мэдэж авахаас гадна өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн жишиг, туршлага хийгээд хамгийн сүүлийн үеийн дэвшилт техник технологиос суралцах, дотооддоо нэвтрүүлэх боломж олгодогт оршино.
“Монгол ур чадвар-2014” үндэсний тэмцээнийг улсын хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн нийт суралцагчдыг хамруулсан. Эхний шатнаас шалгарсан 250 хүүхдийг нээлттэй өрсөлдүүлж, мэргэжил бүрээр шилдэг хоёр суралцагчийг тодруулан дэлхийн тэмцээнд бэлтгэж эхэлсэн байна. Харин тэднээс хэн нь өөр өөрийн мэргэжил тус бүрээр эх орноо төлөөлөх вэ гэдгийг тодруулах эцсийн шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа юм.