Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл үүсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах нөхцөл бүрддэг. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургадугаар сарын 17-нд А/505 дугаар захирамж гаргасан. Захирамжаар томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталж, долоо хоногийн тодорхой нэг өдөр амраахаар тогтсон юм. Гэтэл Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” ХХК дээрх захирамжийн “Шонхор” захад хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан Шонхор захын түрээслэгчдийн төлөөлөлтэй Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, зөвлөх Л.Ганхөлөг нарын хүмүүс уулзан, Хүчит шонхор ХХК-ийн удирдлагатай албан ёсоор уулзахаар болжээ.