Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015 оны тариалалтын төлөвлөгөөгөө гаргажээ. Энэ онд дотоодын хэрэгцээг буудай, төмсөөр бүрэн, хүнсний ногоогоор 55 хувь хангах зорилт тавьсан байна. 338.000 га талбайд уринш бэлтгэх бөгөөд ирэх зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаа боловсруулах аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гаас энэ онд ургамал хамгааллын 434 тонн бодис, 500 тонн бордоо нийлүүлэхээр болжээ.
30 хувийн урьдчилгаа авч, үлдсэн хэсгийг буудайгаар төлүүлэх гэрээгээр ургамал хамгааллын бодисыг тариаланчдад олгох аж. Улсын хэмжээнд 48.000 тонн үрийн буудай шаардлагатай байгаагийн 42.200 тонныг тариаланчид өөрсдөө нөөцөлсөн бол ТЭДС-д 1900 тонн байгаа юм байна. Мөн 5700 тонн дизель түлш шаардлагатай байгаагийн 2700 тонныг ТЭДС-гаас олгох нь. Ингэхдээ төлбөрийн 50 хувийг урьдчилгаа болгон авч, үлдэх хэсгийг ургацаас төлүүлэх нөхцөлтэй гэнэ.
Тэгвэл техник тоног төхөөрөмжөө засаж эхэлсэн, ирэх сарын 15-нд дуусгах юм байна. Боловсруулж бэлдсэн уриншид зөвхөн улаан буудай тарих, тосны ургамлын тариалалтыг нийт талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй, хүнсний буудайг Хөдөө аж ахуйн биржээр борлуулах ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцох зэрэгт анхаарч ажиллах зөвлөмжийг орон нутгийн удирдлага, тариаланчдад өгчээ.
Бэлтгэл хангахтай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тариалалтын технологийн зөвлөлгөөнийг энэ сарын 20-ноос ирэх сарын 15 хүртэл есөн аймагт зохион байгуулахаар болсон байна.
Ч.ЗУЛ