Өвөрхангай аймаг “Дэлгэрэх гол” төсөл хэрэгжүүлэн өнгөрсөн зун 53732 шоо метр усны багтаамжтай хөв байгуулсан. Хуртай зун “дэлгэрч”, хургүй зун хатчихдаг энэ голдоо хөв байгуулах замаар ус хуримтлуулбал ойр хавийн айлууд нь усанд автах асуудал үгүй болно гэж тус аймгийн удирдлагууд үзсэн аж. Хоёр дахь хөвийг энэ зун байгуулахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Арвайхээрийн III, VII багийн хойд хэсэгт орших хадан хошуунаас хүнс, барааны захын баруун хэсэг хүртэлх голын голдирлыг шулуун болгохоор зураг төсөлд тусгасан байна. Захын ойролцоо Дэлгэрэх гол дээр гүүр тавих аж. Гол тахиралдан урсахдаа газрын хөрсийг эвдэж байдаг учраас Дэлгэрэх голын голдирлыг шулуутгавал багагүй хэмжээний талбайг эвдрэлээс хамгаална гэж тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд үзжээ.