Хөвсгөл аймгийн урд болон баруун бүсийн залуу багш нарын зөвлөгөөн Шинэ-Идэр суманд болж Мөрөн, Төмөрбулаг, Цэцэрлэг, Галт, Жаргал, Бүрэнтогтох сумын 200 гаруй багш нар оролцлоо.
Энэ үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээ, Оюунлаг Хөвсгөл, боловсролын хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн талаар дэлгэрэнгүй танилцаж энэ онд боловсролын шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр зохион байгуулах ажлаа хэлэлцэн баталсан байна.
Мөн зөвлөлгөөний 2 дахь өдөр нь сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн тавьж, турашлага солилцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис зэрэг спортын тэмцээнүүдийг зохион явуулжээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга багшийн хөгжлийг дэмжихэд зориулж жил бүр 100 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд 2015 онд багшийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шилдэг туршлагатай багш нарыг туршлага судлуулах, онол арга зүйн сэтгүүл гаргах, шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байгаа ажээ.