Шүүмжилж буй хүнийг хорссон нүдээр харж, магтаж буй руу нь сэтгэл хангалуун инээмсэглэх өрөөсгөл. Магтаалын ард хутга нуусан, шүүмжлэлийн цаана үнэн үнэртсэн байж болно. Гэвч үүнийг олж харах “билгийн нүд” хүн бүрт, ялангуяа улс төрийн нам удирдаж буй хүмүүст байна уу. Төрийн эрхийг барьж буй АН-ынхан дотроо талцаж, маргадгаараа хэзээний алдартай. Хэд хэдэн фракцид хуваагдчихсан. Тэдний тэмцэл үе үе хурцадна. Гэвч удирдлага нь энэ бүхнийг ардчилал, ил тод байдал гэж нэрлэдэг. Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа “Манайх хаалга, цонх нь нээлттэй нам” гэж тодорхойлж байлаа. Гэвч тэд сүүлийн үед гол үнэт зүйл болсон ардчиллаа уландаа гишгэчих гээд байдаг болов. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын “АН-д нэг үе фракцууд шийдэл байсан.
Харин одоо саад болчихоод байна” гэсэн үг энэ бүхэнд хариулт өгнө. Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө унагаснаар фракцуудынх нь зөрчил, тэмцэл төрөөр тоглох хэмжээнд хүртэл ужгирсныг баталсан билээ. Ц.Элбэгдоржийн бахдаад байсан нам эдүгээ үүд хаалгаа хааж байгаад “нүдэлддэг”, хор найруулдаг болжээ. Энэ нам төрийн эрх барьж байгаа учраас өнөөх тэмцэл нь тогооноосоо хальж, төр тогтворгүйжүүлэх хэмжээнд өрнөөд буйд гол хор уршиг оршиж байна. Үүнийг олж харсан, үүд, цонхоо нээж, салхи оруулах гэсэн оролдлого хийж буй хүмүүсээ харин тэд нүд үзүүрлэх янзтай.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ХААЧСАН БЭ
Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр АН-ынхан Үндсэн хуулиар ард түмэнд олгосон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон эмгэнэлт үйлдэл гаргасан. Энэ төсөлд УИХ-ын гишүүд сайд хийхийг 2016 оноос хориглох заалт орсон байв. Олонхийн саналаар шийдвэр гаргадаг нь ардчиллын нэг зарчим мөн. Гэвч нөгөө талдаа УИХ-ын гишүүн ч бас Монгол Улсын иргэн.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Ардчиллаар далайлгаад толгойгүй мэт байж болохгүй. Ингээд л АН-ын Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа нар “давхар дээл”-ийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тайлах ёстой гэсэн МАН-ын саналыг дэмжиж орхисон. Тэд үүнийг зөв гэж үзсэн байна. Намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж болохгүй дүрэм аль ч улс төрийн намд бий. Ийм зүйл хийвэл намаас хөөх хүртэл арга хэмжээ авдаг.
Гэхдээ намын дүрмээс төрийн хууль илүү байх учиртай. Бас АН-ынхан зөвхөн жагсаалтаар сонгогдсон Р.Бурмааг онцолж, “Намын нэрээр УИХ-д орчихоод цор цор гэлээ” гэв. Түүнийг намаасаа хөөх тухай бичгийг хэсэг гишүүн нь Хяналтын зөвлөлдөө хүргүүлж амжсан. Өөрийн толгойтой байснаараа Р.Бурмаа нам дотроо “эсэргүү” болсон юмдаг. Үүнээс гадна өөр хоёр ч шалтгаанаар түүнийг хөөх бичгийг Хяналтын зөвлөлдөө АН-ын гишүүд хүргүүлсэн байдаг юм.
“Тойргоос сонгогдсон гишүүн хувийн үзэл бодолтой байж болно. Жагсаалтаар сонгогдсон нь болохгүй” гэсэн сонин дүгнэлт тэдний үйлдлээс харагдсан. Сонгуулийн хуулийг АН, МАН-ынхан л баталсан. Холимог тогтолцоог тэд л сонгосон. Тэгчихээд УИХ-ын гишүүдээ жагсаалт, тойргоор сонгогдсоноор ялгаварлах нь тэр. Үндсэн хуулийг ч үл тоов.
ИШИГ ЭВРЭЭ УРГАХААР ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ
2008 оны сонгуулийн дараа Иргэний хөдөлгөөний намын дарга, гудамжны цогтой тэмцэгч Ж.Батзандан аврал эрэн АН-ын хаяа бараадсан. “Долдугаар сарын 1-ний үймээн”-ийг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж, хоригдож баларч явсан асуудал ард нь үлдэхэд мань эр АН-ын эсрэг цор цор хийх болов. Н.Алтанхуягийн ч, Ч.Сайханбилэгийн ч Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, байнга л “эсэргүү” зүйл ярьж явдаг түүнийг намаасаа хөөх саналыг ахмадуудаас нь эхлээд гаргаж байлаа.
Нэг талаас нь аваад үзвэл аврал эрж орж ирчихээд буцаагаад “хутгалаад” байгаа нь буруу мэт. Гэвч түүнд өөрийн гэх үзэл бодол бий. Гол нь АН-д засах, залруулах алдаа олон байгаа юм. Нэг орчинд удаан байхаар дасчихдаг, алдаа оноогоо харж чадахгүй болчихдог. Тиймээс гаднаас орж ирсэн Ж.Батзандан энэ намын алдаа, дутагдлыг олж хараад засахын тулд хэлээд байгаа ч юм бил үү. Энэ өнцгөөс нь асуудалд хандаад үзэх ёстой.
“ҮЗХ БОЛ ХАРИУЦЛАГА ҮҮРСЭН ХҮМҮҮСИЙН НЭГДЭЛ БАЙХ ЁСТОЙ”
АН болохгүй байна гэж Ж.Батзандан хэлэхэд тоохгүй байя гэж бодъё. Тэгвэл шинэ үеийн “эсэргүү”-ний нэг, лидер улстөрчийнхөө үгийг анзаарч сонсохоос аргагүй. Тэр бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Бүлгийнхээ хуралд суухаа больж, хариуцлага үүрэхийн тулд УИХ-ын гишүүнээсээ татгалзах алхам хүртэл хийж явсан “эсэргүү” гишүүнээ тэд Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн билээ. Хэдийгээр намаа шүүмжлээд байгаа ч хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч учраас түүнийг явуулж түвдээгүй. Эрхэм гишүүн саяхан өгсөн ярилцлагадаа намынхаа болж бүтэхгүй байгааг ярьжээ.
“АН-ын улс төрийн шийдвэр гаргадаг байгууллагыг бүрдүүлдэг механизм нийгмийн хөгжил, цаг үеэсээ хоцорчихсон байна. ҮЗХ хариуцлага үүрсэн хүмүүсийн нэгдэл байх ёстой. Ямар нэгэн шатанд хариуцлага хүлээж, ард түмнээсээ мандат авсан хүмүүс л энэ бүтцэд ажиллаж улс төрийн шийдвэр гаргаж явах ёстой. Гэтэл ганц ч сонгуульд орж үзээгүй, ялж чадаагүй хүмүүс ҮЗХ-ны 50 хувийг бүрдүүлж, улс төрийн шийдвэр гаргаад яваа нь намыг хэзээ ч хариуцлагатай болгохгүй. Дээр нь хайрцаглагддаг, фракцдаа идэгддэг буруу соёл илүү хүчтэй газар авч байна” гэж онцолжээ. Тиймээс намынхаа дүрмийг шинэчлэх хэрэгтэйг сануулсан байна лээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч бас намаа шүүмжилсэн ярилцлага өгөх болсон. Тэд ямар нэг албан тушаал авч чадаагүйдээ, эсвэл “гомдсондоо” ингээгүй байх. Олны үг ортой гэдэг шиг энэ намд болохгүй, өөрчлөх зүйл байгаа учраас л ярьж буй. Шүүмжлэгч бүр дайсан биш. Ийм хүмүүсийнхээ үгийг АН олж сонсох учиртай. Зөвхөн магтаал хэлсэн, үг дуугүй дагасан хүмүүсээр хүрээлүүлж, фракцуудынхаа барьцаанд баглагдаад яваад байвал АН хол явахгүй.
Тус намынхан их хурлаа хийж чадалгүй хэдэн жил болж байна. Гишүүд нь их хурлаа хий гээд, дарга нар нь зарлахгүй гүрийгээд байдаг юм. Их хурал болчихвол хэний фракц илүү хүчтэй гэдгээс хамаарч унах, босох нь шийдэгдэх гээд байдаг учраас тэр. Энэ зовлон З.Энхболдыг ч тойрохгүй байгаа юм. Юутай ч шүүмжлэгчдээ хялайж, нийлээд буруушаахын оронд анхаарч сонсоод, авах санааг нь аваад нэг үзээсэй. Хаалга, цонхоо нээхгүй бол хэвтрээсээ босохгүй байсаар бурхан болох нь байна, Ардчилсан нам.
С.ТУУЛ