Африкийн зүүн хэсэгт орших 50 сая хүнтэй Танзанид шинэ Ерөнхийлөгч сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийг тус тивийн улс төрийн амьдралд тохиолдсон чухал үйл явдал гэж үзэж байна. 1961 онд энэ улс тусгаар тогтносноос хойш бүх эрх мэдэл нь орчин цагийн Танзани улсыг үндэслэгч гэгддэг эцэг Жулиус Ньеререгийн байгуулсан Хувьсгалт намын гарт ээлж халаагүй байсаар ирсэн аж. Шинээр сонгогдсон 57 настай Жон Магуфули ч энэ л намын төлөөлөл бөгөөд сонгогчдын 58 хувийн санал авчээ. Химич мэргэжилтэй, химийн шинжлэх ухааны доктор цолтой нэгэн юм байна. Тэрбээр Хөдөлмөрийн, Хөдөө аж ахуйн, Орон сууц, барилгын, Мал аж ахуй, Загас агнуурын яамыг тэргүүлж байжээ. Сүүлийн жилүүдэд Танзанийн эдийн засаг хурдацтай өсөж буй. 2014 онд энэ үзүүлэлт 7.4 хувь байжээ. Эдийн засгийн үндэс нь Хөдөө аж ахуйн, олборлох аж үйлдвэр юм. Эдийн засгийн гол түнш нь Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк, Швейцарь. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт. 2010 онд байгалийн хийн орд илрүүлсэн.