Орос улсыг “Исламын улс”-ын алан хядагчид, Эбола вирус, Европ руу цутгаж буй дүрвэгсдийн нэгэн адилаар үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж буй зүйлийн нэрсийн жагсаалтад Их Британи оруулж буй аж. Энэ баримт бичгийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулах гэж байгаа юм байна. Украин улсын зүг явуулж буй бодлого, Калинин градад цэргийн хүчээ зузаатгаж буй, Сирид байлдаан хийж буй зэргээс нь үүдэн Орост ийн хандаж буй юм байна. Сирийн удирдагч Башар Асад цэргийн тусламж үзүүлэхийг хүссэний дагуу тус улсад байрладаг алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн байрлалд Орос цохилт өгч буйг АНУ, Англи, Саудын Арав, Франц, Герман, Турк, Катар улсууд буруутгаж буй. Гэтэл Вашингтон тэргүүлж, эдгээр улс оролцсон эвсэл мөн агаараас цохилт өгөөд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа.