СИРИЗА эвслийн Засгийн газарт Дотоод хэргийн яамны иргэдийг хамгаалах асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан Яннис Панусис өөрийн журмын нөхдийг алан хядагчидтай холбоо сүлбээтэй хэмээн буруутгаж, өөрийг нь заналхийлснийг мэдэгдсэнээс улбаалан Грект улс төрийн томоохон шуугиан дэгдээд байна. Хэдэн сар яагаад чимээгүй байснаа тайлбарлаж, хэлсэн ярьснаа нотлох баримт гаргаж ирэхийг Засгийн газар нь Панусисаас шаарджээ. Панусис прокурорын байгууллагад хандсан бөгөөд алан хядагч байгууллагын гишүүдтэй “шууд хэлхээ холбоотой” гэж үзэж буй зүүний хүчний СИРИЗА эвслийн хоёр депутат, намын улс төрийн нарийн бичгийн дарга нарын газрын нэг гишүүнийг нэрлэсэн байна. Тэрбээр “Ерөнхий сайд Алексис Ципраст бүх мэдээлэл бий. Грекийн тагнуулын албад ч хадгалж байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. СИРИЗА-гийн төлөөлөгч, алан хядагч байгууллагын гишүүн хоёр утсаар хийсэн ярианы бичлэгийг бас танилцуулжээ. Энэ ярианы үеэр алан хядагч Саввас Ксиросыг суллах боломж олгох хуулийг батлах, ДНХ-ийн шинжилгээг хүчингүй болгоход сайд саад болоод байна гэж намын төлөөлөгч хэлсэн байжээ. “За тэгвэл түүнд бөмбөг илгээе дээ” гэж алан хядагч байгууллагын гишүүн хариулсан байна.Нэргүй заналхийлэл хүлээж авснаа холбогдох байгууллагуудад мэдэгдсэн гэж Хууль зүйн сайд Никос Параскевонулос даваа гаригт мэдэгджээ. Яннис Панусис намаа болон журмын нөхдөө шүүмжилсний улмаас энэ оны есдүгээр сард Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй аж. Өөртэй нь ямар нэг юм тохиолдсон нөхцөлд хэвлэлд нийтлүүлэхээр алан хядагчидтай холбогддог, амь насанд нь халдахаар заналхийлсэн хүмүүсийн нэрсийг бэлтгэсэн байгаа гэж тэрбээр ярьсан байна.