Дэлхийд зард гарсан засмал алмаз эрдэнүүдийн нэг “Кохинор”-ыг Их Британиас эргүүлж авахаар Энэтхэгийн бизнес, урлагийн дээд зиндааныхан төлөвлөж байна. “Times of India” сонинд мэдээлснээс үзвэл энэ сарын 12-15-нд Энэтхэгийн Ерөнхий сайд Лондонд айлчлахаас урьтаж Британийн хатан хаан II Элизабетагийн эсрэг нэхэмжлэл гаргахаар санаачлагчдын хэсэг бэлтгэж байгаа аж. Өмнөд Энэтхэгийн Гоа мужид аялал жуулчлалын “Титос” гэдэг томоохон компани удирддаг нэртэй бизнесмэн Дэвид де Соуз мэдэгдэхдээ “Кохинор”-ыг “үндэсний өв хөрөнгө” гэж нэрлэсэн байна. Түүний хэлснээр бол “Кохинор” нь “сэжигтэй нөхцөл байдалд” Энэтхэгээс хилийн чанад руу британичуудын авч явсан үнэт олон зүйлийн нэг юм байна. Колоничлогчид манай ард түмнийг дээрэмдээд зогсоогүй, ёс суртахууны хувьд үгүй хийсэн гэж хэлж болно. Үүний үр дагавар болох өлсгөлөн гуйланчлал, боловсролгүй байдал зэрэг нийгмийн ялгаварлалын олон гэрч одоо хэр нь манай оронд байсаар байна гэж тэрбээр хэлжээ. Энэ хэргийг шүүхийн шатанд шийдвэрлэх ажлыг санхүүжүүлэхэд Соуз оролцож буй бөгөөд нэхэмжлэл гаргахад Британийн хуульчдыг татан оролцуулж буй аж.