Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан сөрөг хүчний төлөөлөгч, Миранда муж улсын амбан захирагч Энрике Каприлес өөрийнх нь биед халдах гэж оролдсон явдалд Ерөнхийлөгч Николас Мадурог буруутгаж буйгаа илэрхийлэв. Түүнийг өөрийн муж улсаар явж байхад нь уг хэрэг явдал тохиолдсон аж. “Николас Мадуро минь, нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү. Чи сум илгээлээ ч, зэвсэгтэй бүлэг хүмүүс явууллаа ч биднийг зогсоож чадахгүй. Чиний ялагдал зайлшгүй” гэж Каприлес твиттер хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Чиний ялагдал зайлшгүй” гэсэн нь арванхоёрдугаар сарын 6-нд болох Парламентын сонгуулийг хэлсэн аж. Нефтийн үнэ буурснаас үүдэж Венесуэлийн эдийн засгийн байдал сүрхий хүндэрч буй нөхцөлд болох энэ сонгууль 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө хоёр хувиар ялагдсан сөрөг хүчинд аятайхан боломж олгоно гэж үзэж буй юм байна. Каприлесийн үзэж буйгаар уг халдлагыг зохион байгуулахад Сан-Франциско-де-Яре хотын захирагч, эрх баригч Нэгдмэл социалист намын гишүүн Сауль Янес оролцсон байх магадлалтай гэнэ. Энэ асуудлаар Венесуэлийн эрх баригчид албан ёсны тайлбар хийсэнгүй.