Тэрбумтан Ангад Пол өнгөрсөн ням гаригт Лондонд байшингийн найм дахь давхраас унаж нас баржээ. Английн гангийн аварга том “Caparo Industries” корпорацын эзэн, 45 настай бизнесмэн хүнд гэмтэл авснаас тэр дороо амьсгал хураасан аж. Энэ үхэлд эрүүгийн хэргийн шинж тэмдэг байгаагүй бөгөөд золгүй тохиолдол, амиа хорлосон хоёрын алин болохыг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Гангийн үйлдвэрлэлд нүүрлэсэн хямралын улмаас санхүүгийн байдал нь муудсанаас “Caparo” корпорац нэг сарын өмнөөс гаднын удирдлагад шилжиж, Их Британи, Европ, Энэтхэг, АНУ-д байдаг үйлдвэрүүдийнхээ ажилчдыг цомхтгож эхэлжээ.Ангад Пол бас уралдааны машин үйлдвэрлэдэг, кино үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг байсан аж. Тэрбээр 10 гаруй кино бүтээх ажлыг санхүүжүүлсэн байна.
Их Британийн хамгийн баян 50 хүний нэг, 84 настай Свраж Полын бага хүү нь Ангад Пол юм. Эцэг Пол Энэтхэгээс шилжиж ирээд 1968 онд “Caparo Industries” компаниа үүсгэн байгуулжээ.