Өнгөрсөн сарын сүүлээр Италийн Тосканы ойд мөөг түүж явсан хүмүүстэй таарсан сахалтай эр өөрийгөө Испаниас 20 жилийн өмнө “алга болсон” эмч Карлос де Салазар гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлжээ. Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 1995 онд гэрээсээ яваад, эргэж очоогүй аж. Өөрийнх нь ярьснаар хүмүүсээс хол байхыг хүсэж, 1997 оноос өдгөө хүртэл ойд амьдарсан Карлос гэртээ харихыг хүсэх болсон гэнэ. Ингээд нөгөөх хүмүүс испани эрийн ар гэрийнхэнтэй холбоо тогтоосноор эцэг эх, ах дүүс нь Италид ирсэн байна. Гэтэл нөгөөх “оргодол” дахиад л алга болчихсон гэнэ. Паспортынх нь зургаар бол хүү нь мөн гэж баталсан аав, ээж “Хүү минь 20 жилийн өмнө гэрээсээ явахдаа нэлээд стресстэй байсан. Бид түүний хүсэл, сэтгэлийг ойлгож байна. Амьд байгаад нь баярлалаа. Одоо сургийг нь гаргасан болохоор хүүтэйгээ уулзахаас нааш эндээс явахгүй” гэжээ. Карлосыг зургаан жилийн турш хайгаад олоогүй тул үхсэнд тооцож, 2001 онд цагдаагийн байгууллагаас эрэн хайх үйл ажиллагаагаа зогсоосон юм байна.