Америкийн хар арьст анхны Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстэнд зориулсан сэтгүүлийн хавтсан дээр зургаа тавиулсан тус улсын Төрийн анхны тэргүүн болжээ. “Out Magazine” сэтгүүлийн редактор Аарон Хиклин твиттер хуудсандаа бичсэнээр бол Обама тус хэвлэлийн сурвалжлагчийн асуултад бас хариулсан байна.Тэрбээр “Ижил хүйстнүүдийн тухай ярихдаа бид санал бодлоо илэрхийлэх, тайван жагсаалд оролцох зэрэг хүний эрхийн асуудал хийгээд хүчирхийлэл, арьсны өнгөөр ялгаварлах явдалгүй, хуулийн өмнө тэгш эрхтэй байхын чухлыг онцолдог” гэжээ.Америкийн бүх нутаг дэвсгэр дээр ижил хүйстнүүд гэрлэхийг Дээд шүүх нь зургадугаар сарын 26-нд зөвшөөрсөн юм. Мөн ийм гэр бүлийг албан ёсоор бүртгэхийг 14 муж улс хориглосон байсныг цуцалсан. Ерөнхийлөгч Барак Обама Дээд шүүхийн энэ шийдвэрийг “Тэгш эрхийн замд хийсэн түүхэн алхам” гэж нэрлэсэн аж.