Өнгөрсөн бямба гаригт Сирийн асуудлаар Вена хотод болсон хэлэлцээрт оролцогчид жил хагасын дараа Сирид сонгууль явуулахаар тохиролцсон байна. Тэгээд хагас жилд багтаан шилжилтийн Засгийн газар байгуулж, энэ хугацаанд шинэ Үндсэн хууль боловсруулах аж. Үүнийг хэрэгжүүлэхэд маш түвэгтэйг хэн ч үгүйсгэхгүй гэж Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлжээ. Богино хугацаанд эвлэрэл бий болгохын чухлыг уулзалтад оролцогчид ойлголцсон байна. Австрийн нийслэлийн “Империал” зочид буудалд болсон энэ уулзалт таван цаг гаруй үргэлжилжээ.
Сирийн нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй алан хядагч байгууллагуудын нэрсийг гаргасан байна. Уулзалтад 20 шахам улсын Гадаад хэргийн сайд, олон улсын зарим байгууллагын төлөөлөл оролцов. Энэ уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ “Исламын улс”-ын мэдэлд байгаа нефтийн ордуудыг ашиглахааргүй болгох боломж АНУ-ын тэргүүлсэн эвсэлд бий. Хууль бус, гэмт хэргийн чанартай нефтийн энэ бизнесийг жагсаалаас гаргах нь эвслийн хувьд түвэгтэй биш.
Асад “Исламын улс” хоёрын хэлхээ холбоо, Асад алан хядагч бүлэглэлээс нефть худалдаж авдаг гэх хэл амны хувьд нефтийн ордууд хаана, хэний мэдэлд байдаг, тэндээс хэн нефть олборлодог, түүнийг Сирийн дотоодод болон хил давуулж хааш нь хэн зөөдгийг бүгд мэднэ” гэж хэлсэн байна. Сирийн Ерөнхийлөгч “Исламын улс”-тай нефть наймаалцдаг гэх яриаг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри гаргасан аж.