Ливи дэх “Исламын улс” бүлэглэлийн удирдагчдад АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин анх удаа цохилт өгөв гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдэгдлээ. F-15 гэдэг сөнөөгч хоёр онгоц баасан гаригт энэ ажиллагаанд оролцжээ. Иракийн иргэн, “Аль-Кайда”-д олон жил болсон, Ливид “Исламын улс”-ыг удирдаж байсан Абу Набиль гэгч энэ цохилтын гол бай байсан аж. Түүнийг амь үрэгдсэнийг Пентагон нотолсонгүй, харин Набилийг устгавал Ливид “Исламын улс” үйл ажиллагаагаа явуулах чадалгүй болно гэж л мэдэгдсэн байна. Мөн шинэ хүмүүсийг эгнээндээ оруулах, бааз байгуулах, АНУ руу довтолгоон хийхээр төлөвлөх зэрэгт нь сөргөөр нөлөөлнө гэж Кук нэмж хэлжээ.
Энэ довтолгоон Парист үйлдсэн аллагатай холбоогүй, урьдчилан төлөвлөсөн байсан ажиллагаа аж. Америкийн нисгэгчгүй онгоц Жихади Жон нэрээр алдаршсан алуурч Мохаммед Эмвазийг хороох зорилгоор Сирийн Ракка хотын орчимд бас цохилт өгчээ. Түүнийг амиа алдсан гэдэгт Пентагон 99 хувь итгэлтэй байгаа гэнэ. Энэ сарын 12-нд Сирийн Засгийн газрын арми “Исламын улс”-ын бас нэг алуурч, “толгой авагч” Кокито хочит Мохаммед Хамдушийг Алеппо мужид устгасан гэх мэдээлэл байна. Хамдуш “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакар аль-Багдадид биечлэн алба хаадаг нэгэн байжээ.