Парист үйлдсэн алан хядах ажиллагаанд наад зах нь 20 хүн оролцсоны хоёр нь Сириэс буцаж ирсэн хүмүүс байсан бөгөөд тэд уг үйлдлийг гардаж гүйцэтгэсэн гэж “Вашингтон пост” сонинд бичсэн байна. “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд өөрийгөө дэлбэлсэн 20 настай Биляль Хадфи Ойрхи Дорнодоос саяхан Бельгид буцаж ирсэн даруйдаа тэндхийн тусгай албаныхны хараа хяналтаас гарсан этгээд байсан гэнэ. Өөр нэг Исмаил Омар Мостефаи гэгч Францын иргэн 29 настай этгээд нь цагдаагийн байгууллагын анхааралд удаа дараа өртөж байсан бөгөөд лалын эрс үзэлтнүүдтэй холбоо сүлбээтэй болох нь 2010 онд тодорхой болж байжээ. Тэрбээр 2013 оны өвөл Сири рүү яваад сураг тасарсан аж. Вольтер гудамжинд амиа золиосолсон бас нэг хүн нь 31 настай Ибрагим Абдеслам гэгч байсныг тогтоожээ. Түүний ах Салах Абдесламыг Парист алан хядах ажиллагаа болсноос хэдэн цагийн дараа Бельгитэй залгаа хил дээр саатуулсан ч баримт бичгийг нь шалгаад явуулчихсан аж. Ибрагим Абдесламын гурван ахын нэг Мохамедийг Брюссель хот орчмоос баривчилсан гэж өчигдөр Бельгийн хэвлэлд мэдээлэв.
Францын Агаарын цэргийн хүчин “Исламын улс”-ын нийслэл гэгддэг Сирийн Ракка хотод хүчтэй цохилт өглөө гэж “Ройтерс” дамжууллаа. Энэ ажиллагаанд Франц, Арабын нэгдсэн Эмират, Иорданийн 12 онгоц оролцож, 20 бөмбөг хаяжээ. Цохилтын дүнд алан хядагчдын командын байр, зэвсгийн агуулах, сургуулилалт хийдэг лагерь устсан аж. Сири, Иракт “Исламын улс”-ын байрлалд агаараас өгөх цохилтоо Францтай хүч хавсран эрчимжүүлэхээр төлөвлөж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудлаарх зөвлөхийн орлогч Бен Родс Туркийн Анталья хотод болж буй “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн байна.
“Исламын улс” бүлэглэл хэд хэдэн улсад, түүний дотор АНУ, Франц, Иранд алан хядах ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байсан гэж Иракийн Гадаад хэргийн сайд Ибрагим аль-Жаафари өнгөрсөн ням гаригт сэрэмжлүүлжээ. Иракийн тагнуулын байгууллага ийм мэдээлэл олж авсан аж.
Онц байдал тогтоох тухай хуульд Парламент нь өөрчлөлт оруулбал одоо мөрдөж буй дэглэмийг сунгаж болох бөгөөд 12 хоногоос гурван сар хүртэл хугацаагаар уртасгахыг Ерөнхийлөгч Франсуа Олланд нь санал болгоод байгаа юм байна.
1955 онд баталсан онц байдал зарлах тухай хуульд зааснаар 12 хоногоор ийм дэглэм тогтоох эрхийг Сайд нарын танхим нь эдэлдэг юм байна. Харин цааш нь сунгах шийдвэрийг Парламент гаргадаг аж.