Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн тэргүүлдэг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” Мьянмар (Бирм)-ын парламентын анх удаагийн чөлөөт сонгуульд олонхийн санал авчээ. 329 суудал авснаар Засгийн газраа дангаар бүрдүүлж, Ерөнхийлөгчөө томилох боломж бүрдсэн байна. Харин 70 настай Ан Сан Су Чигийн нөхөр нь британи хүн, насанд хүрсэн хүүхдүүд нь өөр улсын иргэн учраас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй аж. Үндсэн хуульд зааснаар Парламентын суудлын дөрөвний нэгийг нь зэвсэгт хүчнийхэнд өгчихдөг болохоор улс төрийн шийдвэр гаргахад тэд нөлөөтэй хэвээр байх юм байна. Гэхдээ сонгуулийн үр дүнгээр эрх мэдлийг амгалан тайван шилжүүлэх боломжоор хангана гэж Мьянмарын арми, түүний удирдагч, генерал Тейн Сейн амлажээ. Хэлмэгдүүлэлт явуулж, гадаад ертөнцөөс улсаа тусгаарласан цэргийн дэглэм Мьянмарын эрхийг олон арван жил барьсан юм.“Ардчиллын төлөө үндэсний лиг” 1991 оны сонгуульд ялсан ч эрх баригчид нь түүнийг хүчингүй болгож Ан Сан Су Чийг баривчилжээ. Тэрбээр шорон хийгээд гэрийн хорионд 15 орчим жилийг өнгөрүүлсэн аж.