Египетэд Оросын зорчигч тээврийн онгоц сүйрсний шалтгаан нь алан хядах ажиллагаа бөгөөд түүнийг “Исламын улс” зохион байгуулсан байх магадлал өндөр гэж Их Британийн Засгийн газар үзэж байна. Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь нислэгийн аюулгүй байдлын асуудлыг Туркт болж буй “Их-20”-ийн уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад улсын удирдагчидтай ярилцах бодолтой байгаа аж. Түүнээс гадна тусгай албаддаа үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлж, алан хядах явдалтай тэмцэх зорилгоор орон тоог нь 15 хувиар өсгөхөөр төлөвлөж буй юм байна. Энэ нь 1.9 мянган хүнээр нэмэгдүүлнэ гэсэн үг аж.
“Когалымавиа” компанийн онгоц алан хядах ажиллагаанд өртсөнийг нотлох баримтуудыг хэд хэдэн түншдээ, түүний дотор Орост өгнө гэж тус улсын Гадаад хэргийн яам энэ сарын 9-нд мэдэгдсэн байна. Их Британиас ийм мэдээлэл авсныг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нотолжээ. Янз бүрийн таамаг дэвшүүлж буй ч онгоцны ослын шалтгааныг яг таг тогтоосон юм одоогоор алга байна гэж Оросын тал үзэж буй. Тэгэхдээ “Исламын улс” сөнөөсөн гэх байр суурь сүүл рүүгээ нэлээд давамгай болж байна. Гэхдээ техникийн эвдрэл доголдол байсан байж болзошгүй гэх таамгийг ялангуяа Оросын тал ор тас орхихгүй байгаа юм.