Өчигдөр албан ёсоор ажилдаа орсон Польшийн Гадаад хэргийн шинэ сайд Витольд Ващиковский телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Европын орнууд хөлд нь дарагдаад байгаа Сирийн дүрвэгчдийг сургаж бэлтгээд арми байгуулж эх орноо чөлөөлөхөд нь оролцуулбал яасан юм бэ гэж мэдэгдсэн байна. Парист аллага үйлдсэний улмаас дүрвэгсдийг хүлээж авах улс төрийн боломж олж харахгүй байна гэж Польш улс үзэж буй аж. Дүрвэгсдийг Европын холбооны орнуудад тараан байрлуулах хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн хугацаанд 7000 хүн хүлээж авахаа тус улс уг нь зөвшөөрөөд байжээ. Дүрвэгсдийн эхний хэсэг дараа оны эхээр Польшид ирэх ёстой байв.Дүрвэгчдээр арми байгуулсан тохиолдолд тэд эх орноо чөлөөлөхөөр явж таарна гэж сайд Ващиковский онцолсон байна. Резинэн завинаас бууж ирж буй залуус хоол, байр гуйхын оронд “гар утас хаана цэнэглэж болох вэ” хэмээн асууж байна гэж “Ройтерс” агентлаг уламжилжээ.