НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ долоо хоногт Умард Солонгост очих гэж байна. Энэ албанд сонгогдсоноосоо хойш БНАСАУ-д анх удаа ирж буй нь энэ. Солонгосчуудын хоорондын харилцааг сайжруулж, Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэхэд энэ айлчлал ахиц гаргаж болзошгүй хэмээн дэлхийн олон нийт найдаж байна.Умард Солонгос өөрийгөө цөмийн гүрэн гэж 2005 онд зарлаж, 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийж, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч энэ үйлдлээ зогсоохыг шаардаж хэд хэдэн удаа тогтоол гаргаж байв. Цөмийн туршилт хийхгүй, баллистик пуужин хөөргөхгүй байж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг сэргээхийг НҮБ шаардсан аж.
Умард Солонгос их буугаар нутаг дэвсгэр рүү буудлаа хэмээн Өмнөд Солонгос наймдугаар сарын 20-нд зарласнаас хойш Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Өмнөд Солонгосын тал ч нэлээд олон удаа буу дуугаргаж хариу барьсан. Эцэст нь талууд биенээ харилцан буруутгаж, заналхийлсэн. Удтал ярилцсаны дүнд энэ бүс нутагт түгшүүртэй байдлыг намжаахаар тохиролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг айлчлуулахыг зөвшөөрч, олон улсаас тусгаарлагдсан байдлаасаа гарах арга хайх оролдлого Пхеньян хийсэн. Энэ айлчлалыг тавдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч Умард Солонгос татгалзсан юм. Харин Бан Ги Мүн Умард Солонгост очих бодлоо орхиогүй гэдгээ дипломат шугамаар нэг бус удаа мэдэгдэж байв.Бан Ги Мүн нь Умард Солонгост очиж буй НҮБ-ын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болох юм. 1979 онд Курт Вальдхайм, 1993 онд Бутрос Бутрос Гали Пхеньянд очиж байв.