Эцгийнхээ төлөө, эцгийнхээ “өмнөөс” санал өгч байна
Беларусьт сонгуульд бүгд оролцдог, ганцхан Лукашенко ялдаг гэж ярилцах болсон аж. Энэ оны аравдугаар сарын 11-нд тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж 61 настай мөнөөх л Александр Григорьевич Лукашенко ялдгаараа ялав. Лукашенког эрс шүүмжилдэг Өрнөдийнхөн ч түүнийг ялна гэдэгт эргэлзэхгүй байв. Ийм сонгууль Беларусьт тав дахиа болсон юм.
Беларусийн Дээд зөвлөл 1994 онд Ерөнхийлөгчийн БНУ-ыг тунхагласан Үндсэн хууль баталжээ. Тэр жилээ явуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд залуу улстөрч Александр Лукашенко 44.82 хувийн санал аван тэргүүлж шуугиан тарилаа.
ЗХУ-ын оршин тогтнолд цэг тавьсан Беловежийн хэлэлцээрт Беларусийн нэрийн өмнөөс парламентын тэргүүн Станислав Шушкевич, Ерөнхий сайд Вячеслав Кебич нар гарын үсэг зурсан бол уг асуудлаар санал хураахад Парламентын гишүүдээс эсэргүүцсэн цорын ганц хүн нь Лукашенко байсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд ахиу санал авахад нь нөлөөлсөн аж.
Сонгуулийн хоёрдугаар шатанд Кебич хоёул өрсөлдөж 80.1 хувийн дэмжлэг хүлээж Лукашенко тусгаар тогтносон БН Беларусь улсын түүхэнд анхных нь Ерөнхийлөгч боллоо.
Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгууль 1999 онд болох байсан ч Лукашенкогийн санаачилгаар 1996 онд бүх нийтийн санал асуулга явуулж, шинэ Үндсэн хуулиа батлав. Түүнд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр жилээр уртасгалаа.
Оростой ойртоход чиглэсэн Лукашенкогийн гадаад бодлогод сэтгэл нэн дундуур байсан Европын холбоо болон АНУ бүх нийтийн санал асуулгын дүнг эсэргүүцэж, Беларусийн сөрөг хүчин ч тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэв. Тэд 2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсонгүй. Энэ сонгуульд сонгогчдын 80 гаруй хувь нь оролцож Лукашенко 75.65 хувийн санал авчээ.
Ерөнхийлөгчийн гурав дахь сонгууль 2006 оны гуравдугаар сард болж үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчийг ялах найдвартай ганц хүнийг нэр дэвшүүлэхээр Беларусийн сөрөг хүчин шийдсэн нь Европын холбоо болон АНУ-ын зүгээс ихээхэн дэмжлэг хүлээлээ.
Тэгээд Нэгдсэн ардчилсан хүчнээс Александр Милинкевичийг сойсон ч тэр нь ердөө 6.2 хувийн санал авч Лукашенко 83 хувийн дэмжлэг хүлээн ялав. Сөрөг хүчин болон Барууны орнуудад сонгуулийн дүнг “худал” хэмээн зарлаж, Минск хотын төвд асар майхан босгон эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан ч олон түмнээс дэмжлэг авсангүй.

Венесуэлд
2010 он Беларусийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн юм. Эндхийн сөрөг хүч Лукашенког “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн зарласан Барууны дэмжлэгт дулдуйдан түүнийг ямар ч аргаар болов түлхэн унагахаар шийдэв.
Арванхоёрдугаар сарын 19-ний орой Минск хотын төвд сөрөг хүчнийхэн цуглаж, улмаар Засгийн газрын ордонг эзэлж авахаар хөдөлснөөс эмх замбараагүй байдал газар авч, эрх баригчид хүч хэрэглэхээс аргагүйд хүрлээ. Энэ онд болсон сонгуульд Александр Лукашенко 80 шахам хувийн саналаар дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болсон байна.
2015 оны Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн тайван болж өнгөрлөө. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий гэж үзэж байна. Юуны урьд хөрш Украинд нь болсон төрийн эргэлт даамжран иргэний дайн болж хувирсан нь хүмүүст айдас төрүүлжээ.
Түүнчлэн Украины зүүн нутагт үүссэн зөрчлийг зохицуулахад Лукашенко энхийг эрхэмлэсэн үүрэг гүйцэтгэснээс Өрнөд түүнд нааштай хандах болсон байна. 2010 онд болсон эмх замбараагүй байдлыг зохион байгуулж, оролцсон сөрөг хүчнийхнээс нэлээдийг нь сулласан ч Өрнөдтэй харилцаа сайжрахад бас нөлөөлсөн аж.
Александр Лукашенко 1954 онд төрсөн, беларусь үндэстэн юм. Ээж нь тосгонд саальчин байсан бөгөөд Саша хүү эцэггүй өсөж, хүмүүжсэн байна. 1975 онд дээд сургууль төгсөж, түүхийн багш болов. Арван жилийн дараа эчнээ суралцаж хөдөө аж ахуйн үйлдвэрийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна.
1975 оноос ЗХУ-ын УАХХ-ны хилийн цэрэгт хоёр жил алба хаалаа. Халагдаж ирээд хотын комсомолын хорооны нарийн бичгийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхлэв. Коммунист намд 1979 онд элслээ. 1982 оноос хамтралын дарга, барилгын материалын үйлдвэрийн захирал, районы намын хорооны дарга зэрэг ажлыг 1988 он хүртэл хийжээ.
Горбачевын өөрчлөн байгуулалтын үед 1990 онд Беларусийн Дээд зөвлөлийн депутатаар сонгогдлоо. Энэ Зөвлөлийн нэгэн түр комиссыг толгойлж байхдаа дарга Станислав Шушкевичээ нэг бус удаа шүүмжилж олон түмэнд танил болж эхлэв. 1991 онд “Дарангуйлал Беларусийн сонгосон зам уу” гэсэн хөтөлбөрийн чанартай өгүүлэл бичин сонинд хэвлүүлж, Дээд зөвлөлд “Коммунистууд ардчиллын төлөө” фракц байгуулалцав.

Орост
Ардын зөвшилцлийн нам нэртэй улс төрийн ардчилсан шинэ хүч байгуулах үйлсэд оролцож түүний нэг даргаар нь сонгогдсон ч нам үүсгэх үйл явц сүүлдээ бэрхшээлтэй тулгарч, хэрүүл маргаан, яс хаях явдал байн байн гарах болсноос Лукашенко түүнээс саллаа. 1993 оны дөрөвдүгээр сараас нэг жил гаруйн хугацаанд Дээд зөвлөлийн Авлигатай тэмцэх түр комиссыг удирдаж ажиллав.
Беларусийн Ерөнхийлөгчөөр дөрвөн бүрэн эрхийн хугацаанд ажиллахдаа Лукашенко Өрнөдийнхний санаанд ер нийцэж байсангүй. Түүнийг “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлэдгийг дээр өгүүлсэн.
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер Конгресстоо зориулж бичсэн илтгэлдээ өгүүлснээр бол Беларусийг Лукашенко Өрнөдөөс улам бүр хөндийрүүлж, эдийн засгийн хувьд Оросын хараат болгож байна гэж үздэг гэнэ. Тиймээс түүнийг болон ойрынх нь хамтран зүтгэгчдийг 2008 оны аравдугаар сарын дунд үе хүртэл Европын холбооны орнууд, АНУ 10 жил өөрийн нутагт нэвтрэхийг нь хориглож байв.
Европын холбоо энэ шийдвэрээ 2011 оныг дуустал сунгасан аж. Польш 2011 оны эхнээс мөн ийм арга хэмжээ авсан байна. Тэгэхдээ Лукашенког “Сонгуулийн олон улсын стандарт, хүний эрхийн олноор баримталдаг жишгийг зөрчсөн” гэсэн үндэслэл гаргаж ирсэн аж.
Лукашенкогийн гэргийг Галина Родионовна гэх бөгөөд тэд 1975 онд гэрлэсэн ч одоо тусдаа амьдардаг. Эднийх Виктор (1975), Дмитрий (1980), Николай (2004) гэх гурван хүүтэй. Бага хүүгийнх нь эхийг Ирина Абельская гэдэг. Лукашенкогийн хувийн эмч байжээ.
Энэ хүүдээ эцэг нь бусдаасаа онцгой ханддаг гэх яриа байдаг төдийгүй түүнийг 2008 оноос хойш Лукашенко гадаад оронд айлчлахдаа ч дагуулж явдаг нь олны анхаарлыг татдаг. 2012 онд Лукашенко Венесуэлд айлчлахдаа Николай хүүгээ дагуулж очсон бөгөөд тус улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавес Беларусийн Ерөнхийлөгчийг хүүтэй нь хамт хүлээж авч буй нь баяртай үйл явдал гэж хэлэхэд нь Лукашенко “Бид үндсийг нь тавьсан хамтын ажиллагааг 20-25 жилийн дараа хүлээж авч үргэлжлүүлэх хүн бидэнтэй хамт байгаа юм” гэж хариулсан байдаг.
Хүүгээ Беларусийн ирээдүйн Ерөнхийлөгч болгох хүсэлтэйг нь хоёрдмол утгагүйгээр илэрхийлсэн энэ үгийг нь зарим хүн наргиан гэж ойлгож хүлээж авсан ч Лукашенко ийм утгатай үгийг дараа нь хэд хэдэн удаа давтсан төдийгүй Ерөнхийлөгч болдоггүй, төрдөг гэж өөрийн санааг лавшруулсан байдаг.
Энэ хүүгээ Жерар Депардьетэй өвс хадахдаа, тэр ч бүү хэл НҮБ-ын Ерөнхий ассамблейд ч Лукашенко дагуулж очсон юм. Америкийн Ерөнхийлөгчтэй Лукашенко уулзахад Николай хүү хажууд нь байж л байв. Николай хүү 11 наслахдаа Владимир Путин, Виктор Ющенко, Дмитрий Медведев, Барак болон Мишель Обама, Ромын хамба лам XVI Бенедикт нартай “танилцаад” амжсан байна.
2004 онд төрсөн энэ хүүгээ Лукашенко 2007 онд л өөрийнх нь хэмээн хүлээн зөвшөөрч түүнийг Ерөнхийлөгч болж магадгүй гэж боддогоо ч нуулгүй хэлсэн гэдэг. Тэгээд сахиус мэт үзэж дагуулж явдаг болсон аж.
Коля хүү яггүй араншинтай нэгэн болон өсөж торниж буй талаар элдэв яриа хэдийнэ гараад амжжээ. Юуны өмнө байнга хамт явдаг болоод тэр үү эцгээсээ өөр хүний үг авдаггүй гэлцэнэ. 2008 онд “Намар 2008” цэргийн сургуулилалтын үед тэрбээр эцгийнхээ хамт цэргийн дарга нараас рапорт хүлээн авч олон түмэнд нүүр царайгаа харуулжээ.
Дараа жилийнх нь сургуулилалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев хүүд алтан гар буу өгсөн бөгөөд фото зургаас нь үзвэл Коля түүнээс салдаггүй бололтой. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж бид хэлдэг. Энэ хүү магадгүй тийм нэгэн ч байж мэднэ.
Онгоцны хаалгыг хаах гэхэд нь саад хийсэн үйлчлэгчийн гарыг Коля хазсан төдийгүй “Сайд болсон хойноо чамайг буудна” гэж хэлсэн гэнэ гэж хэвлэлд мэдээлж байсан удаа бий. Тэгвэл энэ хүүг улс төрийн тавцан дээр эртнээс ийн гаргаж ирсэн нь олон нийттэй харилцах талаар мэргэжсэн Их Британийн иргэн Тимоти Беллийн бодож олсон сурталчилгааны ажлын нэг хэсэг гэж зарим хэвлэлд бичиж байна.
Лукашенко Өрнөдийн хэвлэлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа хүүгээ хэрхэн хүмүүжүүлж байгаа талаараа “Коля 100 орчим градусын халууныг, 30 шахам градусын хүйтнийг тэсвэрлэж чадна” гэж хэлсэн байдаг.
Лукашенко долоон ачтай. Том хүү нь дөрөв, дунд хүү нь гурван хүүхэдтэй аж. Лукашенко цанаар гулгана, хоккей тоглоно, найраг баян хуур дарна. Спортын ордондоо шайбтай хоккей тогтмол тоглодог, энэ үед нь тус ордны эргэн тойронд нэг км газар хүн явахыг, ойр орчмын байрны оршин суугчдыг цонх, салхивчаа нээж, сэхээвч дээрээ гарахыг хориглодог байна.
Лукашенко ихэнхдээ захын довтлогчийн байранд “нэг” гэсэн дугаартай хувцас өмсөж тоглоно. Уг нь ийм номер хаалгачийн хувцсан дээр байдаг уламжлалтай.
2001 оны нэгдүгээр сард эмч Дмитрий Щигельскийн бичсэн дүгнэлт хараат бус “Манай эрх чөлөө” сонинд нийтлэгдсэн бөгөөд түүнд дурдсанаар Лукашенког сэтгэхүйн өвчтэй гэж үзсэн байжээ. Архивын материалаас үзсэн ч залууд нь түүнийг сэтгэцийн гажигтай гэж нэг бус удаа оношилж байсан байна.
Анхны оношийг 1976 онд Зөвлөлтийн эмч тавьж байсан бол 1982 онд уг онош батлагдаж цэргийн албанаас чөлөөлсөн аж. Гэвч Ерөнхийлөгчийг гүтгэсэн хэргээр мөнөөх эмч Щигельскийд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эмч харин өөрийн оношийг хэвлэлд гарахаас өмнө амжаад АНУ руу гараад явчихсан байв.
2010 оны арваннэгдүгээр сарын эхээр Польш, Германы Гадаад хэргийн сайд нартай Минскт уулзах үеэрээ Лукашенко бэлгийн уламжлалт бус сонирхолтой Германы сайд Гида Вестервеллег дайруулан “Эр хүн эр хүнтэйгээ амьдрахын учир утгыг би ойлгодоггүй. Ийм хүмүүсийг САА руу явуулж байвал таарна” гэж хэлсэн аж. 2012 онд мөнөөх Вестервелле өөрийг нь “дарангуйлагч” хэмээн шүүмжилсний хариуд Лукашенко “Цэнхэр байснаас дарангуйлагч байх нь дээр” гэж мэдэгдсэн байдаг.
И.РЭНЧИНХАНД