Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт Филиппиний нийслэл Манила хотод маргааш эхэлнэ. Уг арга хэмжээ болох дүүрэг, зочид, төлөөлөгчид, сэтгүүлчид байрлах газруудыг хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон зэвсэгт хүчний албан хаагчид хамгаалалтад аваад байна. Манила хотын оршин суугчдыг энэ өдрүүдэд хөдөө нутагт буй ах дүү, төрөл садан дээрээ очихыг эрх баригчид зөвлөж, дунд сургуулиудыг долоо хоног хааж, 18-19-ний өдрийг ажлын бус болгожээ. Парист алан хядах ажиллагаа үйлдсэний дараа аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авчээ. Уулзалтын үеэр алан хядах ажиллагаа үйлдэж болзошгүй гэх ямар нэг мэдээлэл аваагүй ч бэлэн байдлын “улаан” түвшин зарласан байна. Аюулгүй байдлыг хангахад цэргийн алба хаагч, цагдаагийн байгууллагуудын ажилтан, түймэр унтраах баг болон бусад шуурхай албанд 20 гаруй мянган хүн дайчилсан аж. Өчигдрийн байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нар Филиппинд хүрэлцэн очоод байна.