Энэ сарын 12-нд Бейрут хотод хоёр удаа аллага үйлдсэн хэргийн зохион байгуулагчдыг Ливаны тусгай албад баривчиллаа гэж Дотоод хэргийн сайд Нухад Машнук нь мэдээлжээ. Түүний хэлснээс үзвэл Сирийн долоо, Ливаны хоёр иргэнийг баривчилсан байна. Өөр таван ч хүн амиа золиослосон гэх мэдээлэл байгаа аж.
Тэр орой мотоцикл унасан хоёр амиа золиослогч Беирут хотын өмнөд захад халдлага үйлдэж, нэг нь шийтийн сүмийн хажууд, нөгөө нь 150 метрийн зайд байх худалдааны төвийн дэргэд өөрийгөө дэлбэлсний уршгаар 41 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ. Үүний хариуцлагыг хүлээхээ “Исламын улс” бүлэглэл мэдэгдсэн байна.
Дашрамд өгүүлэхэд 2013 онтой харьцуулбал 2014 онд алан хядах үйлдлийн золиос болсон хүний тоо 80 хувиар нэмэгдсэн нь зэвсэгт тэмцэл, мөргөлдөөн их байсантай холбоотой юм. Лондонд өчигдөр хэвлэгдсэн мэдээлэлд ийм баримт дурджээ. Манай гаригийн хүн амын 99.6 хувь нь оршин суудаг 162 улсын байдлыг судалснаар бол өнгөрсөн онд л гэхэд алан хядагчдын гарт 32.6 мянган хүн амиа алдсан байна. Тэгвэл энэ үзүүлэлт 2000 онд 3.3 мянга байсан аж. Алан хядах ажиллагаа Ирак, Нигери, Афганистан, Пакистан, Сири гэсэн таван улсад бусдаас илүү их байгаа юм байна. Амийг нь хөнөөсөн хүний тоогоор 2014 онд Нигерийн “Боко Харам” бүлэглэл “толгой цохижээ”. Тус бүлэглэл 6.6 мянган хүний амь сүйтгэсэн байна. Зард гарсан “Исламын улс”-ын үйлдсэн алан хядлагын уршгаар 6.07 мянган хүний амь хохирчээ. Тэгэхдээ Ирак, Сирийн нутагт “Исламын улс”-ын хийж буй дайны талбарт амь үрэгдсэн хүний тоо дор хаяж 20 мянга хүрсэн гэж үздэг.