Францын нийслэл Парист болсон алан хядах ажиллагааны талаар дэлхийн хэвлэл мэдээлэл нийтэлсээр байна. Харин энэ аллага чухам яагаад Парист болсны буруутны нэг хэмээн шүүмжлэгдэж буй “Charlie Hebdo” сэтгүүл аллагын талаар шог зургаа гаргасаар л байна.
Лалын шашныг үндэслэгч Мухаммедийг шоглосныхоо хариуд энэ оны нэгдүгээр сард довтолгоонд өртөж, хэд хэдэн ажилтнаа алдсан тус сэтгүүл Европ руу дүрвэж явсан Сирийн гурван настай хүүгийн цогцсыг далайн эргээс олсны дараа “Зорилгодоо хүрэхэд ганцхан алхам дутлаа” хэмээн бас л дамшиглаж байв.
Египетэд сүйрсэн ОХУ-ын онгоцны талаар ч шог зураг хэвлүүлж, олны шүүмжлэлийг амссан. Гэвч тэд хаширсангүй. Парист болсон аллагын талаар өнгөрсөн даваа гаригт “Францчууд жирийн амьдралдаа эргэн орлоо” гэсэн шог зургаа гаргасан. Зураг дээр ширвээ сахалтай, берет малгай өмссөн франц хүний төрхтэй сүнсийг дүрсэлсэн байлаа.
Тэгвэл өнөөдөр гарах дугаартаа бас Парисийн аллагын зургаар хавтсаа чимэглэх аж. BFMTV телевизийн суваг шинэ дугаарын шог зургийн талаар мэдээлжээ. Зурган дээр оргилуун дарс барьсан хүн зогсох бөгөөд гэдэс, хөлөндөө буудуулсан шархнаас нь дарс асгаран урсах аж.
Тайлбар нь “Тэдэнд зэр зэвсэг байж болно. Харин бидэнд оргилуун дарс байна. Та нар зүгээр л зайлаад өг” Цуст хядлагад өртсөн Францын иргэдийн сэтгэл санааг сэргээх зорилготой байгаа нь ойлгомжтой ч дахин халдлагын бай болох бий хэмээн ард иргэд түгшиж байгаа нь лавтай.
М.СУГАРАА