"Их 20" дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Парист алан хядах ажиллагаа болж, Франц хариу агаарын цохилт хийсэн нь дэлхий нийтийг цочирдуулаад байгаа билээ.
Тэгвэл 16-нд Кремлд хийсэн Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нартай хийсэн уулзалтынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын агаарын довтолгоонд хүч нэмэхэд бэлэн буйгаа онцоллоо.
Уулзалтын үеэр Синайн хойгт өнгөрөгч 31-нд осолдсон А321 онгоцны сүйрлийн шалтгаан нь техникийн гэмтэл бус террорист халдлага байсныг илрүүлснээ Тагнуулын ерөнхий газрын дарга нь мэдээллээ. Онгоцны ачааны хэсэгт 1 кг тротил бодис ашиглан гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг байрлуулсан байсан нь гадны эх үүсвэртэй болохыг тогтоожээ.
Тэрбээр ОРТ сувгаар дамжуулан ард түмэндээ хийсэн мэдэгдэлдээ "Бид нулимсаа өөрсдийн сэтгэл зүрхнээс арчихгүй. Гэхдээ энэ нулимс гэмт этгээдийг илрүүлэн, шийтгэхэд саад болохгүй. Алан хядагчдыг нэг бүрчлэн эрж олох болно" гэв. Мөн энэ үеэр алан хядагчдыг олоход бүх хүчээ дайчлан ажиллахыг тусгай албадын дарга нарт үүрэг даалгавар болгосны дээр халдлагын талаарх мэдээллийг 50 сая ам.доллаар шагнахаа амлалаа.