Алан хядагчдыг олзолж авалгүй газар дээр нь шууд устгахыг Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуров Оросын тусгай албадад зөвшөөрсөн байна. Хэт даврагч байгууллагуудын гишүүдэд өгсөн цаазын ялаас татгалзахыг болиулах тухай санал Холбооны Зөвлөлд тавьсантай холбогдуулж тэрбээр ийм мэдэгдэл хийсэн аж.Энгийн иргэд, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг араатан шиг болчихсон хүмүүс хөнөөгөөд байхад энэрэнгүй ёсны талаар ярихад түвэгтэй гэж Ингушетийн тэргүүн хэлсэн аж. Алан хядах аюул тус улсад нэмэгдэж буйтай холбогдуулан Үндсэн хуулийн шүүхэд ийм санал тавихыг Холбооны зөвлөлийн гишүүн Франц Клинцевич энэ сарын 18-нд хүсчээ.
Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров ч цаазын ялыг хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.Алан хядагчид энэ амьдралаас түргэн алга болбол манайд дэг журам төдий чинээ түргэн бий болно гэж тэр хэлжээ. Алан хядах ажиллагаа үйлдсэн хүмүүст ялын дээд хэмжээ оноох нь чухал гэж үздэгээ Төрийн Думийн депутат Вадим Соловьев бас илэрхийлжээ. Ойрын үед Орост довтолгоон хийнэ гэж “Исламын улс” энэ сард цахим бичлэгээр заналхийлсэн. Түүнчлэн нүүр царай нь тодорхой харагдахгүй нэг хүн хүрэм дотроо тэсрэх бөмбөг нууж буй бичлэгийг энэ бүлэглэлийнхэн цацсан байна. Уг амиа золиослогч Америкийн Нью-Йорк хотын хүн олонтой газарт дэлбэлэх үйлдэл хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ бичлэгээр “Исламын улс” Нью-Йорк хотод аллага хийнэ хэмээн заналхийлсэн байна. Нийслэл Вашингтонд ч ийм хэрэг өдүүлэхээр төлөвлөж буй гэх мэдээлэл бас тархаж байжээ.