Өнөө цагийн аливаа далайцтай асуудыг Оросын оролцоогүйгээр шийдвэрлэж чадахгүй гэдэгт эргэлздэггүйгээ Германы Бавар мужийн Ерөнхий сайд Хорст Зеехофер Мюнхен хотод болсон Христосын нийгмийн холбоо намын их хурал дээр үг хэлэхдээ илэрхийлжээ. Тэгэхдээ ийм байр суурьтай байгаа нь АНУ-тай Германы тогтоосон найрамдал нөхөрлөлийг сэвтээх ёсгүй гэж хэлсэн аж. Тэрбээр ирэх онд өөрийн биеэр Орост очиж Ерөнхийлөгч Путинтэй нь уулзах бодолтойгоо ч нуусангүй.Христосын нийгмийн холбоо намыг 2008 оноос Зеехофер толгойлж буй бөгөөд сая дахин сонгогджээ. Тус нам Канцлер Ангела Меркелийн Христосын ардчилсан холбоо намтай эвсэл болон эрх барьж буй юм.
Зеехофер лалын шашинтай орнуудаас хүлээж авах дүрвэгсдийн тоог хязгаарлахын төлөө сүүлийн таван жилд идэвхтэй тэмцэж байгаа. Тиймээс энэ асуудлаар Меркелийн баримталж буй бодлогыг ил шулуун шүүмжилдэг нь германчуудын анхаарлыг ихээхэн татаж буй аж. Тиймээс ч одоо 61 настай, Канцлерийн албыг хашаад яг 10 жил болж буй, чансаа нь буурж байгаа Меркельтэй 2017 онд болох Парламентын сонгуульд өрсөлдөх гол хүн нь Зеехофер байх болно гэж үзэж буй юм. Гэхдээ Германы санхүү, эдийн засгийн байдал тогтвортой байгаа болохоор “Меркелийн эрин төгсөх тухай ярих нь эрт” гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм.